A A A

Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ, Дэлхийн Монголчуудын Чуулган ТББ-тай хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хүрээнд "Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 2 дугаар чуулга уулзалт“-ыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9-р сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Чуулга, уулзалтад дэлхийн 25 улсад үйл ажиллагаа явуулж буй 104 Монголчуудыг үүсгэл санаачилгын холбоо, төрийн бус байгууллагуудын 150 гаруй төлөөлөгчид оролцов.

 

Мөн Улсын Их Хурлын Монгол улсын Төрийн 3 яам болон Монгол улсаас 16 байгууллага холбоодоос төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн байгааг дуулгахад таатай байна. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь болон холбогдох яамд, байгууллагуудын 53 төлөөлөл нэгдсэн хуралдаан оролцов.   

2014 онд Гадаад харилцааны сайдын санаачилгаар анхдугаар чуулга уулзалтаа хийж байсан Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын энэ удаагийн чуулга уулзалтыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил нээж үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил хилийн чанад дахь монгол иргэд рүүгээ чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг танилцуулж, эдгээр хөтөлбөрүүдийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс хэрхэн шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлов. Мөн дэлхийн өнцөг булан бүрд байгаа монгол залуучууд өндөр хөгжилтэй оронд ажиллаж, мэдлэг чадвараа дээшлүүлэн түүнийгээ түмэн олонтойгоо хуваалцаж, төрөлх нутгийнхаа эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд суугаа орноосоо улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлэн идэвхтэйгээр оруулахыг уриаллаа.

Чуулга уулзалтад оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нараас илгээлт ирүүлсэн бөгөөд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшин, Дэлхийн Монголчуудын чуулган ТББ-ын тэргүүн,  Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Гомбосүрэн нар чуулганд оролцогч нарт мэндчилгээ дэвшүүлэв.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ чуулга уулзалтыг „Тус чуулганы оролцогч нар нь хилийн чанадад гадаадын мэргэжилтэн, иргэд, эрдэмтэн судлаачидтай мөр зэрэгцэн ажиллаж, өндөр амжилт үзүүлэн Монгол улсын нэрийг өндөрт өргөж явдаг манлайлагч Монголчуудын төлөөлөл бөгөөд зөвхөн үндсэн ажлаа хийгээд явах бус байнга олондоо туслах, эх орон руугаа чиглэсэн хөгжлийн олон олон ажлуудыг сайн дураараа зохион явуулж, түүгээрээ хөгжиж явдаг жинхэнэ олон нийтийн ажилтнууд, нийгмийн идэвхтэй давхрага юм. Харин өнөөдөр энд хамтын хүчээр нэгдэн ажиллах, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах төдийгүй хилийн чанадад суугаа бусад олон мянган иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах элч болон энд цугласан нь Монгол улсын ирээдүйн залуу үе, асар их хүч, хөгжлийн нөөц бололцоо юм “ хэмээн тодорхойлов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хуралдаанд оролцогчдод салбар бүрээс хилийн чанад дахь иргэдэд хандан хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөөг танилцуулав.

Энэ удаагийн чуулга уулзалтын бас нэгэн онцлог нь салбар бүрээр хэлэлцсэн асуудлаар буюу Монгол хэлний сургалт-сургуулийн асуудал, иргэдийн нийгэм, сонгуулийн эрхийн асуудал, хилийн чанадад Монголын соёл урлагийн менежментийг хөгжүүлэх болон хилийн чанадад ажиллаж сурч амьдарч буй иргэдийн эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлаар ТББ-уудын санал, дэвшүүлж буй асуудлуудыг нэгтгэн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын дэргэдэх Боловсролын хороо, Урлаг соёлын менежмент аялал жуучлалын хороо, Оюутан залуучуудын хороо болон Бизнес хөгжлийн хорооны дарга нар, гишүүд болон ТББ-уудын төлөөллийг чуулга уулзалтын өмнөх өдрүүдэд Гадаад харилцааны яамнаас асуудал хариуцсан яам, байгууллагуудын шийдвэр гаргах төвшний албан тушаалтнуудтай уулзуулах, харилцан санал солилцох нөхцөлийг бүрдүүлж, асуудлыг шийдвэрлэх боломжийг хамтран судалж шийдвэрлэхэд ихээхэн анхаарч 8-ны өдөр Гадаад Харилцааны Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаа  зохион байгуулагдсан “Соёлын харилцаа, урлагийн менежмент”, “Монгол хэл”, “Хилийн чанадаас эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр”, “Хилийн чанадад суугаа иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” салбар хуралдаанууд болон нэгдсэн хуралдаан ихээхэн ажил хэрэгч, үр дүнтэй боллоо.

Мөн нэгдсэн хуралдааны үеэр ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын дунд зохион байгуулсан “Миний Монгол наадам” уралдааны тэргүүн, дэд, тусгай байруудад шалгарсан „Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо“, „Солонгос – Монголын Соёлын харилцаа Хамтын ажиллагааны холбоо“, „Бельгийн Монголчуудын нэгдсэн холбоо“-нд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг шагнал гардуулав.

Чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл удирдан явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар Цахим Өртөө холбоо ТББ, Др. Ч.Лодойравсал, Др. Д.Сэрдарам, Цахим Өртөө холбоо ТББ-ын Тэргүүн Д.Цэрэнбат, Европ дахь монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны Тэргүүн Д.Энхжаргал, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшин нар „Түүхэн болон орчин үеийн диаспора, тэдэнд чиглэсэн ажлууд“, „Төрийн байгууллагууд ба Хилийн чанад дахь Монголчуудын холбоод, ТББ-уудын хамтран ажиллах тогтолцоо“, „Хилийн чанадад суугаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын нэгдсэн мэдээлэл, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөө“ сэдвүүдээр илтгэл тавив.

Нэгдсэн хуралдааны дараагийн хэсэгт Салбар хуралдаанаас гарсан дүгнэлт, мэдээлэл бүрээр Монгол Улсын Соёлын элч, ХЧМЗ, Цахим Өртөө Холбоо ТББ, Ж.Өнөрмаа, ХЧМЗ-ийн Боловсролын хорооны дарга Ө.Оюунтүлхүүр, Цахим Өртөө Холбоо ТББ-ын УЗ-ийн гишүүн, ХЧМЗ-ийн Зөвлөх Н.Номун- Эрдэнэ, ХБНГУ-ын Штуттгарт хотын Монгол академичдын холбооны тэргүүн, ХЧМЗ зөвлөх, Др. Д.Гүнцэцэг нарын салбар хуралдааны ахлагч нар мэдээлэл хийн, асуулт хариулт хэлэлцүүлэг явуулав.

Энэхүү чуулга, уулзалтын нэгдсэн хуралдааны төгсгөлд Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан „Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга, уулзалт“-ын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргахаар тохирч төлөвлөгөөний биелэлтэд Гадаад харилцааны яам хяналт тавин ажиллаар болов. Мөн биелэлтийн явцыг улирал бүр гаргаж Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ  цахим тогтмол байршуулах, олон нийтэд мэдээлэх ажлыг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ болон Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар хамтран хийх болсон нь хөндөгдсөн асуудал бүрийн явц, хэрэгжилтэд ханалт тавих боломжтой болно хэмээн үзэж байна. Мөн биелэлтийн явцын талаар болон хилийн чанад дахь монгол иргэдийн нийгмийн асуудлаар онлайн хэлэлцүүлэг холбогдох яамд, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байхаар болов.

Чуулганы үйл ажиллагааг дүгнэж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ чуулга уулзалт амжилттай болсныг дурдаад гадаад улс орнуудад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ байнга холбоотой байж, иргэдээ эх орондоо эргэн ирж, ажиллаж амьдрахад нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаар зорьж байгаагаа онцоллоо. Хилийн чанадад өндөр мэргэжлийн болоод эрдмийн ажил эрхэлж байгаа Монголчуудад эх орныхоо хөгжил дэвшилд алсаас хувь нэмэр оруулах боломжийг нь бүрдүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Чуулга уулзалтын хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг „Атлас“ зочид буудалт зохион байгуулагдсан ба үүний дараа Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын бүх гишүүдийн хурал зохион байгуулагдав. Хурлаар удирдан зохион байгуулалтын бүтцэд оруулах өөрчлөлт болон удирдах зөвлөлийн гишүүдийн сонгох болоод хяналтын алба, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг бүхий улс орон бүрийг төлөөлсөн төлөөлөгчдийн зөвлөл шинээр үүсгэн байгуулахаар тогтов.

Чуулганы үеэр хүрэлцэн очсон олон олон нийгмийн идэвхтэй төлөөлөл болсон оролцогч нарыхаа байгууллагын хийж буй ажлыг Монголд танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэн хэвлэл мэдээллийн багийг урирдаж ажилласан сэтгүүлч Г.Солонго, чуулганыг өндөр хэмжээнд удирдах явуулсан Б.Мөнхдөл, салбар хуралдаан ахалж ажилласан Монгол улсын соёлын элч Ж.Өнөрмаа, Н.Номун-Эрдэнэ, Др. Ө.Оюунтүлхүүр, Д.Гүнцэцэг болон оюутан залуусаа маш сайн зохион байгуулж, чуулганы зохион байгуулах арын ажил дэг журам, бүртгэл ян тан явагдсанд Б.Энхгэрэлд болон оюутан залуусдын маань багийн гавьяа тул талархлаа илэрхийлье. Мөн Домог хамтлагийн залуус маань бидний хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирж эх нутагтаа ирсэн зочиддоо морин хуурын чавхдас хөглөж сэтгэлийн баясал бэлэглэн нь чуулганы мөн нэгэн дурсгалт мөч байлаа. Та бүхний ажил хөдөлмөр, уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

Чуулга уулзалтын ивээн тэтгэж, хамтран ажилласан МИАТ ХК, Хөх Монгол хэвлэлийн газар, Юнител группын IP77 утасны хэлтэс, Фервент Корпорац-ийн   төлөөлөгчийн   газар, Fohow компанийн Монгол дах төлөөлөгчийн газар болон Сэтгүүлч Ганбатын Солонго, Eagle TV, Eagle TV - Ж. Хулан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, TB1 Монгол, TB1 Монгол - Т.Эрдэнэчимэг Будда продакшн, Монголчууд германд мэдээллийн портал, Британын Монголчуудын холбоо, Cover Mongolia мэдээллийн сүлжээ, MGL интернет радио Б.Батбаяр, Азаа студио нартаа нийт зохион байгуулагч нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Зохион байгуулах ажилд маш идэвх зүтгэлтэй ажилласан Б.Мөнхдөл, Н.Номун-Эрдэнэ, Д.Амараа, Х.Бямбажав. Р.Ира, Х. Оюунгэрэл, чуулганы үеэр бүтэн бичлэг хийсэн Ц. Гүрсэд, зураг бичлэг хийсэн Б.Батбаяр, Ц.Aзхүү болон бусад камерын эздэдээ, зөвлөж тусалж дэмжиж ажилласан Б.Цэрэнбат, Ж.Эрхэмбаяр, Л.Алтанчимэг,  Монгол улсын соёлын элч О.Оюунтуяа, Т.Болдгэрэл, Др. Ч.Лодойравсал болон цаг заваа гарган үнэтэй тус хүргэсэн У.Ганзориг, А.Булган, C.Уянга, С.Солонгоо, Ч.Энхбат, Л.Гэрлээ, С,Цэрэндэмбэрэл, П.Цэрэнбат, С.Болор,П.Эрхэмбаяр, М.Батаа нартаа болон нартаа талархал илэрхийлье.

Мөн чуулга уулзалтын бүх талаар дэмжиж ажилласан Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар, хамтран зохион байгуулсан, дэмжиж ажилласан Дэлхийн Монголчуудын чуулган ТББ, Цахим өртөө холбоо ТББ байгууллагууддаа талархлаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэг бат итгэлтэй буйгаа илэрхийлье.

Нийт оролцогч нартаа, ТББ-уудын хамт олондоо болон зөвлөж туслах ажилласан нийт цахим андууддаа санасан хэрэг бүр тань сэтгэлчлэн бүтэж, сайн үйлсийн аян бүр тань өөдлөн бүтэж байхын ерөөлөөр энэхүү мэдээллээ өндөрлөж байна.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ