A A A

ХБНГУ-ын Бранденбург мужийн Барут/Марк хотноо гарч буй зураач Э.Отгонбаяр болон германы уран бүтээлч, уран хайчилбарч Каролина Брак нарын “Байгаль хувьсах нь” нэртэй үзэсгэлэнгийн хүрээнд Монголыг сурталчлах өдөр 5 дугаар сарын 28 нд болж өнгөрөв.

Тус үзэсгэлэн гарч буй 300 гаран жилийн түүхтэй “Барутын Гласхютте” музейн тосгон нь гар аргаар үлээсэн шилэн эдлэл үйлдвэрлэлийн хүн төрлөхтний биет бус соёлын өвийг тээгч төдийгүй, урлаг соёлын дахин давтагдашгүй олон зүйлийг агуулсан, жил бүр олон орны уран бүтээлчид, жуулчид зорин ирж сонирхдог бөгөөд одоогоор 300 гаран дэлхийн алдартай уран бүтээлчид тус тосгонд байнга оршин сууж уран бүтээлээ туурвидаг юм байна.

Монголын өдөр арга хэмжээний үеэр зураач Э.Отгонбаяр болон уран хайчилбарч Брак нар үзэсгэлэнгийнхээ танилцуулга хийн, мэргэжил нэгт гадаадын уран бүтээлчидийн дунд хоёр орны урлагийн хөгжлийнялгаа, хандлагын талаар хэлэлцүүлэг яриа өрнүүлэв.

Өдөрлөгт монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны  соёлын атташе Б.Сийлэн хүрэлцэн ирж оролцов. Мөн Барут/Марк хотын захирагч ноён Петер Илк Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой хамтын ажиллагааныхаа талаар сонирхолтой илтгэл тавьлаа. Барут/Марк хот 2011 оноос Мөрөн хоттой түншийн харилцаатай хамтран ажиллаж буй бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн 6 жил хамтран хэрэгжүүлсэн төслүүдээсээ болон одоо хамтран бэлтгэл ажилдаа ороод буй сургалтын төв байгуулах төслийн талаар сонирхолтой ярилцлага хийв. 

Бүтэн өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд нийт хүрэлцэн ирсэн зочид болон уран бүтээлч нарт Монгол гэрийн талаар мэдээлэл хийсэн төдийгүй Монгол гэр барихтай биечлэн  танилцуулан, Монгол үндэсний хоол, аялал жуулчлалын онцлог, боломжууд, түүх, урлаг, ёс заншлын талаар дотно яриа өрнүүлэн явагдсан тус арга хэмжээ нь засгийн газраас хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлого буюу соёлоор дамжуулан Монгол улсыг гадаадад сурталчлах болон урлаг соёлыг хөгжүүлэх, зорилтот бүлгийн аялал жуулчлалыг татах  чухал ач холбогдолтой болж өнгөрөв.

“Байгаль хувьсах нь” нэртэй тус үзэсгэлэн 5 дугаар сарын 7-ны өдрөөс эхэлсэн ба энэ оны 6 сарын 18 хүртэл өргөн олноо толилиулагдах юм байна.