A A A

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2017 оны 10 дугаар сарын 8-ны Ням гарагт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэдэд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, консулын үйлчилгээ шуурхай үзүүлэв. Тус арга хэмжээ нь Монгол улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газруудаас анх удаа зохион явагдаж байгаагаараа онцлогтой юм.

Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат ЭСЯ –наас хоёр улсын харилцааг хөгжүүлэн дэлгэрүүлэх төдийгүй тухайн оронд суугаа Монгол иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих, эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээг хүргэх явдал бөгөөд манай ЭСЯ иргэдэд нээлттэй элчин сайдын яам байх талаар анхааран ажиллах болноо хэмээн нээлттэй хаалганы өдрийг нээж үг хэллээ.

 

Хамгийн бяцхан зочид болох “Ирээдүй” монгол сургуулийн сурагчид хүрэлцэн ирж, яамны үйл ажиллагаатай танилцаж, Элчин сайдтай сонирхолтой яриа өрнүүлэв. Сурагч M.Цангис ая дуу өргөж, нээлтийн ажиллагааг чимлээ. Тус өдөрлөгийн хүрээнд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй монголын төрийн бус байгууллагууд болон аж ахуй нэгж, компаниуд ЭСЯ-ны байранд өөрсдийнхөө талаар мэдээллийг иргэдэд мөн хүргэв.

Үүнд МИАТ ХК-ийн Берлин дэх салбар танилцуулга материал түгээж, иргэдийн лавлагаа, асуултад хариулах, түүнчлэн МИАТ ХК-иар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн сугалаа явуулж, азтан шалгаруулсан бол ачаа тээврийн “Air Pacific” компани Монгол тоглоом тоглуулан азтангуудад ачаа төлбөргүй явуулах эрх олгожээ. Мөн МАК ХХК-ийн төлөөлөгч байгууллагынхаа талаар танилцуулга хийв. Энэ жилээс Берлин хотод явуулын хоолны үйлчилгээ үзүүлж эхлээд буй O’Bamaa-s Foodtrack хүрэлцэн ирсэн зочдод “Монгол наадмын” хуушуураар үйлчиллээ.

ХБНГУ дахь төрийн бус байгууллагуудын зөвлөл 2018 оны 4 сарын 27-ны өдөр Берлин хотын захиргааны байранд болох “Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалтын талаар мэдээлэл хүргэж, харин Монгол-Германы Эдийн засгийн клубын гишүүд өөрсдийн мэргэжил, үйл ажиллагааны чиглэлээр гүйцэтгэсэн ажил болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл, “Берлин Цог” спортын клубын гишүүд идэвхитэй оролцож, өөрсдийн өмсгөл, авсан медалиудыг иргэдэд танилцуулж, нийтийн биеийн тамирт иргэдийг уриалсан онцлог үйл явдлаар дүүрэн тус өдөрлөгт нийт 150 гаруй зочид оролцлоо.

Амралтын өдрөө ашиглан өөр хотуудаас зорин ирж, консулын үйлчилгээнд хамрагдсан иргэд цөөнгүй байсан төдийгүй 16 нас хүрсэн хүүхдээ монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулан үнэмлэх гаргуулж буй гэр бүлийн зүгээс тус арга хэмжээг зохион явуулсанд маш баяртай байгаагаа илэрхийлж байв. Албан бус тоогоор ХБНГУ-д нийт 5000 гаруй Монгол иргэд ажиллаж амьдарч байна. Нээлттэй хаалганы өдрөөр элчин сайд, дипломат ажилчиднуудаас иргэд сонирхсон мэдээллээ чөлөөтэй асууж, танилцах боломж бүрдүүлсэн ач холбогдол бүхий иргэдийн талархалыг хүлээсэн арга хэмжээ болж өнгөрлөө.