A A A

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төвийн  Я.Болортуяа багш " Эх хэлээ сурцгаая" сурах бичиг, сонсгол, харилцан яриа хуурцагт сд-тэй хамт Гадаадад монгол хэлээ зааж буй багш, сурагчдын хэрэгцээнд шинээр гаргаад буй баярт үйл явдлын дараахан түүнтэй холбогдож хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

Энэхүү шинэ ном нь гадаадад сүүлийн таван жилд хүүхдүүдээр ажиллуулсан дасгалын шилдэг хувилбаруудыг сонгон оруулсан, зургаар өгөгдсөн 200-аад үг крилл , монгол бичгээр хадагдсан, бичиж сурах, хичээнгүй сайхан бичих үг нь номон дээр кальк цаасан дээр хийхээр өгөгдсөн, авианы дуудлагыг шалгах дасгалуудтай, харилцан яриаг хэрхэн ойлгосныг шалгах тесттэй, сонсгол, харилцан яриа хуурцагт бичигдсэн, монгол-англи давхар орчуулгатай болсноороо тун онцлог ном болжээ.

Я.Болортуяа нь мэргэжлийн монгол хэлний багш, Монголд дунд сургуульд 14 жил, Англид 8 жил монгол хэл зааж буй онол, дадлагын баялаг туршлагатай багш бөгөөд ялангуяа хилийн чанадад өсч буй Монгол хүүхдүүдэд Монгол хэлний заах арга зүйн талаар байнга судалгаа хийж бусаддаа зааж сургаж явдаг ба түүний өмнөх бүтээлүүд болох "Монгол хэлний цагаан толгой", "Хүүхдийг ярианд сургах нь, Монгол хэл эхлэн суралцагчдад ном, сд" зэргээс гадна Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төвийн файсбоок хуудсаар (https://www.facebook.com/MongolianLanguageCentreInUK) дамжуулан хилийн чанад дахь Монгол сургуулиудын багш нарын дотно танил болсон билээ.

Ингээд номоо хэвлүүлээд удаагүй байгаа Болортуяа багштай цөөн хором хийсэн хийсэн ярилцлагаа толилуулья

 

 

Сайн байна уу? "Эх хэлээ сурцгаая" номоо хэвлүүлэн гаргасан танд баяр хүргэе! Таны дараагийн номыг нэлээдгүй олон багш сургуулиуд хүлээж байсан бүтээл болохыг файсбоок хуудас болон багш нарын ярианаас анзаарсан. Номын талаарх ярианаас өмнө Монгол Сургуулиа анх үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцахыг эхлээд танаас хүсэх байна?

Анх 2008 оноос Лондонгийн монгол хүүхдүүдэд эх хэлээ хувиараа зааж эхэлсэн. Энэ үед зарим эцэг эхчүүдээс, гэр нь ойрхон байдаг хүүхдүүдээ нийлүүлэн нэг айлд нь өрөө гаргаж заалгах санал гарсан юм. Би ажлын зав зайгаар долоо хоногт нэг удаа очиж заадаг байлаа. Нэгэн удаа монголчууд олноор цугласан газар очиж, хүмүүсийн яриаг сонсож суухад " Хүүхдэдээ монгол хэлээ өөрсдөө заачихмаар байх юм. Даанч мэргэжлийн биш болохоор нэг л эвээ олохгүй, яаж заахаа мэдэхгүй юм" хэмээн ярьж байхыг сонсов. Түүнээс санаа авч 2013 онд хүүхдэдээ цагаан толгой заах эцэг эхчүүдэд зөвлөмж бичээд youtube -д байршуулсан. ( Bolortuya Yansanjav гээд хайвал гарах байх ) Энэ зөвлөмж хичээл нь авиа таниулах хичээл заахад юуг анхаарах , мэргэжлийн бус хүн заахад өөрөө ямар хэмжээний мэдлэг, чадвартай байх ёстойг ерөнхийд нь зөвлөсөн, бүх үсгийг гурав хувааж, гурван цуврал хичээлд багтаасан цуврал хичээл. Энэ үед Лондонгийн монгол хүүхдүүдэд монгол хэл заах асуудал хурцаар тавигдаж, олон нийтээс зарын хуудаст элчин, монголчуудын холбоонд хандсан шүүмж, саналууд их бичиж байлаа. Нэг удаа элчингээс монгол хэлний асуудлаар ярилцах хүсэлтэй байгааг дурдаад, ирж уулзахыг санал болгосон урилга ирсэн байв. Ингээд консул Ганхуягтай уулзахад хичээл заах өрөө гаргаж өгөхөөр болж, миний бие монгол хэлний сургалтаа эхэлсэн түүхтэй билээ. 

 10367683_788476801200538_7957727509777704154_n

 

12592193_828535510583843_8371770871844101892_n

Эх хэл соёлоо өвлүүлэн үлдээх асуудал хилийн чанадад суурьшин суугаа олон олон монголчуудын хувьд томоохон асуудал болж байгаа. Хүүхдүүд нь Монголоор ярихгүй, сонирхолгүй байх тохиолдол элбэг байдаг нь 100% эцэг эхийн маань буруу ч биш байх. Өдөр сургууль цэцэрлэг дээрээ болон найз нөхөд, зурагт радио сонин гээд бүх л орчин нь өөр. Хамгийн харамсалтай нь эцэг юм уу эх үр хүүхэдтэйгээ бүрэн ойлголцохгүй, эвдрэлцэх тохиолдол, үүнээс үүдэлтэй илүү хүндрэлтэй байдалд орсон явдал ч цөөн биш сонсогдож байгаа. Хүүхэд нь Монголоор сайн ойлгохгүй, амьдрал ахуйгаа залгуулах гээд зүтгэж ажилласан аав ээж нь тухайн орны хэлээр бүрэн өөрийгөө ойлгуулж чадахгүй. Хүүхэд нь бага байхад залуу эцэг эхчүүд нэг их тоодоггүй, монгол хүн юм чинь яваандаа сурчихна гээд яваад байдаг санагддаг. Тэгэхээр Монгол сургууль төвийнхөө талаар яаж сурталчилж, эцэг эхчүүдийг татаж байна вэ?

Юм бүхэн анхны гараанаас эхэлдэг. " Гараа сайн бол бариа сайн" гэдэг шүү дээ. Тэгэхээр анхны цагаан толгойн төгсөлтийг сайн хийвэл хойшид хүмүүс хүүхдээ сургах хүсэл тээнэ. Бусдын хүүхдүүд эх хэлээрээ хэрхэн уншиж, бичиж, ярьж сурч буйг хараад, өөрийн хүүхэдтэйгээ жишнэ. Хүүхдээ сургах хэрэгтэйг ойлгоно, ингэснээр хичээл сургуульд хамруулна. Миний хувьд төгсөлтүүдээ л сайн хийхийг чухалчилдаг. Түүнээс элдвээр " рекламлах"-ыг хүсдэггүй. Түүний оронд бодит байдлын харуулж, сургалт хэрхэн явагдаж буйг амьд хичээлээс харуулахыг зорьдог. Энэ л эцэг эхчүүдийг татах шалтгаан болсон болов уу.

Монголд хүүхдүүд маань сургуульд орохдоо зөвхөн уншиж бичих хичээл эхлэн заалгадаг бол хилийн чанадад бол үүн дээр нэмэгдээд ярих хичээл заах болдог онцлогтой. Анх сургуульд орсон өдрөө А үсэг заалгадаг. Гэтэл хүүхдүүд маань нас болон Монгол хэлний төвшин өөр өөр.Хүүхдүүд маань анх 20 хүрэхгүй монгол үгтэй байх тохиолдол ч байдаг талаар багш нар хэлдэг. Анги хуваахдаа ямар байдлаар ажилладаг вэ?

Хүүхдийн монгол хэлний түвшин болон насны байдлаар ангиа хуваадаг. Үсэг авиа огт үзээгүй хүүхдүүд " Цагаан толгой"-н бүлэгт орно. Энэ бүлэг нь дотроо насны байдлаар бас анги болж хуваагдана.

Хичээлийн жилийн дундаас хүүхэд нэмж орж ирэх тохиолдол байдаг уу?

Хичээлийн жилийн дундаас Цагаан толгойн ангид хүүхэд авдаггүй. Харин бусад ангиудад тухайн хүүхдийн түвшнийг шалгаад тохирох ангид оруулж болно.

Багш болгон л өөрийн гэсэн заах арга барилтай байдаг байх. Таны өөрийн заах арга барилын онцлог юу бол?

Ер нь орчноо, хүүхдээ мэдэрч заадаг. Гадаадад сурч буй хүүхдүүд гадаад хэлээр хэлд орсон байдаг учраас монгол хэл заахад дуртай биш. Тэгэхээр монгол хэл сурах нь тийм ч хүнд биш гэсэн ойлголтыг төрүүлэх, хичээлээ сонирхолтой, өгөөжтэй заах тал дээр анхаардаг. Сургалтын олон аргуудаас тухайн хичээлд тохируулан зөв сонгох нь миний хамгийн сайн барил. Хүүхдийг хөгжөөх, дэмжих, туслах болон өөрийн арга барилыг хүмүүст хүргэхийн тулд нэгж хичээлээ бичиж, цөөн минутын бичлэг оруулдаг. Эцэг эхчүүд багшийн арга барилтай танилцаж, сургалтанд илүү их оролцож, хүүхдээ дэмжиж, харилцан ойлголцож, хамтарч ажилласнаар сургалтын чанар, үр дүнд мэдэгдэхүйц сайнаар нөлөөлж чадна.

Төрөлх хэл гэж ярьдаг. Таны бодлоор хэдэн наснаас өмнө бүхэн эзэмшсэн хэл төрөлх хэл болох вэ?

Чухал асуулт байна. Ямар хэлээр хэлд орсон бэ? Тэр хэл нь л төрөлх хэл юм.

Монгол хэл заахаас гадна соёл, түүхийн хичээл ордог уу? Мөн ахлах ангийн хүүхдүүддээ одоогийн монгол улсын улс төр нийгмийн тогтолцоо болон эдийн засгийн талаар мэдээлэл өгдөг үү?

Манай төвийн хувьд ЭСЯ дээр байрладаг учир зөвхөн монгол хэлний сургалт явуулах зөвшөөрөлтэй байдаг.

Хүүхдүүдээ гэрийн даалгавар өгдөг үү? Тийм бол хүүхэд бүрийн төвшнөөс хамааран өөр өөр байх уу?

Хүүхдүүдэд гэрийн даалгавар тогтмол өгдөг. Даалгавар нь тухайн ангид зааж буй нэгж хичээлийн агуулгаас хамаарна.

Үсэглэлийн баяр, шинэ жил хоёр сургуулийн хүүхдүүдэд маань хамгийн гоё баяр билээ. Энэ арга хэмжээг хэрхэн зохион байгуулдаг вэ? Анхаарах зүйл юу байдаг талаар болон эцэг эхийн оролцоог энд хэрхэн тусган оруулдаг талаар ярихгүй юу?

Манай төв анхан шатны элсэгчдийг цагаан толгой үзэж судалсны дараа " Эрдмийн баяр" -ын арга хэмжээ зохион явуулдаг. Шинэ жилийн арга хэмжээг зохиож байгаагүй. Эрдмийн баярын арга хэмжээг эцэг эхийн тусламжтайгаар, хамтарч зохион явуулдаг.

Сургалтын материал руу ярилцлагаа хандуулах гэсэн юм. Та өөрөө туршилтын шугамаар цагаан толгойн ном гаргаж хэвлүүлсэн, мөн сонсголын CD гаргасан байгаа. Олон монгол сургууль, багш нар таны номын хэрэглэдэг талаар ярьж байгааг би сонссон. Номоо гаргаад 4 жилийн дараа эргээд дүгнэхэд таны цагаан толгой хэр үр дүнтэй ажил болсон санагдаж байна. Алдаа оноогоо сайжруулсан дараагийн хувилбар бэлтгэж гарлаа гэж ойлгож байна. Багш бүрийн номонд давуу тал онцлогууд бий. Багш бүр номоо хэвлүүлж, багш нар бие биеэсээ суралцан, илүү ихийг хийж байж л гадаад дахь монгол хэлний сургалтын чанар, номын чанар сайжирч, улам чанаржиж, гадаадад заах монгол хэлний хичээлийг заах арга зүйд өөрчлөлт хийж, хөгжлийг хурдасгах юм аа хэмээн та хэлж байсан. Энэ талаар багш нарын хоорондын харилцаа, харилцан туршлага солилцох үйл явц хэр явагдаж байна?

Миний хувьд 2011 онд нэгдүгээр ангийн монгол хэлний сурах бичгийг гадаадад сурч буй хүүхдүүдэд зориулж, хөнгөвчилж, хялбаршуулан хийж " Цагаан толгой " нэртэйгээр хэвлүүлсэн. 2014 онд " Хүүхдийг ярианд сургах нь" сонсгол ярианы сд-тэй ном хэвлүүлсэн. Энэ нь манай төвийн хүүхдүүдийн сонсох, ярих чадварт тулгуурлан хийгдсэн сонсгол шалгах ,яриа өсгөх зорилготой хийгдсэн сонсгол-ярианы дасгалын ном юм. Гадаадад суралцаж буй хүүхдийн монгол хэлний хичээлийн ном, сурах бичгийн тухайд монгол хэл эхлэн суралцагчаас мэдлэгийн түвшинг ахиулсан цуврал сурах бичиг хийх шаардлагатай байгаа юм. Төвийнхөө хүүхдүүдэд зааж, хийлгэж буй дасгал хөнгөдөж, хүнддэж буйг ажиглаад, засч залруулж, улам боловсронгуй болгож хийсээр л байна. Цагаан толгой үзэж судалсны дараа заах хэл зүйн ойлголт мэдлэг, түүнийг бататгах дасгал ажлууд, сонсгол яриаг хөгжүүлэх тал дээр хийгдэх ажлуудыг сургалтандаа туршиж байгаа.

Гадаадад зааж буй багш нар тухайн орон болон сургууль, төвийнхөө онцлогт тохируулан хичээлийн хөтөлбөртэй уялдуулж сурах бичгээ хийж байгаа гэж бодож байна. Нэгэнт засгийн газрын алдаатай бодлогын улмаас гадаад дахь багш нар сургалтын ном хийх багт оролцох боломжгүй тул багш нар гадаадад заасан туршлага дээрээ тулгуурлан ном, сурах бичгээ хийх нь зүйтэй. Багш нар бие биенээсээ суралцан, илүү ихийг хийж бүтээснээр чөлөөт өрсөлдөөн дундаас сайн бүтээл гарах юм. Энэ нь гадаад дахь монгол хэлний сургалтын хөгжилд сайнаар нөлөөлж чадна. Хүүхдэд сонирхолтой, хүртээмжтэй, өгөөжтэй, хүүхдийн хүссэн шаардлага хэрэгцээг хангасан ном, сурах бичиг хийж чадвал бүгд л сонирхох биз ээ. Багш нар хоорондоо ярьдаг, санаа бодлоо солилцдог. Дор бүртээ өөрсдөө хийгээд явж байгаа.

10635713_720216228026596_3453032971555329096_n

10653728_720216538026565_6529944475282889027_n

 Багш нарын хоорондын харилцаа, харилцан туршлага солилцох үйл явц хэр явагдаж байна?

Гадаадад зааж буй багш нарын дотор мэргэжлийн хориод багш байна гэж сонссон. Гэтэл мэргэжлийн нэртэй боловч тэдэн дотор дунд сургуульдаа зааж, туршлага хуримтлуулсан нь хэд вэ? гээд судалбал тоо нь цөөрөх биз ээ. Асуудлын гол нь мэргэжлийн, мэргэжлийн бусдаа биш. Мэргэжлийн багш нарын бусад багш нарт нөлөөлөл нөлөөллийг нэмэгдүүлэх, мэргэжлийн болоод заах аргын зөвлөгөө өгөх, харилцан туршлага солилцох ажлууд хийх хэрэгтэй юм. " Гадаад дахь монгол хэл, соёлын сургалт" гээд багш нар үүсгэсэн фэйсбүүк групп байгаа. Түүн дээр хичээл сургалттай холбоотой материал оруулж, багш нарт нээлттэй болгон, үйл ажиллагааг нь идэвхжүүлмээр санагддаг. Шведийн " Төгс билигт" сургууль, Колородагийн " Монгол сургууль", Их Британы " Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв " зэрэг энэ группээр мэдээллээ тогтмол солилцдог сургуулиуд бий.

Зөвхөн амралтын өдрүүдэд хүүхдэдээ зарцуулж буй цагаараа Монголоор ярихдаа юуг анхаарах зохилтой талаар та эцэг эхчүүддээ зөвлөдөг вэ?

Хүүхэдтэйгээ байнга монголоор ярих, үгийг буруу хэлэхэд засч залруулж байх ( ярьж чадахгүй байхад нь манайхан өхөөрдөөд байдаг ), жижиг сэдэв, үлгэр хамт уншаад утгыг яриулж сургах, уншсан зүйлийг тайлбарлаж байх, эргээд асуулт асууж ойлгосныг нь шалгаж байх, эцэст нь гэртээ монголоор ярих л хамгийн чухал байна даа.

Шинээр монгол сургууль байгуулах хүсэлтэй боловч мэргэжлийн багш гэдэг нэг том асуудал үүсдэг. Олон сургуульд энэ хүндрэлээс болоод дундаасаа нэгнээ сонгох ба багш л багш, хүүхэдтэй ядаж зөв харьцана гээд тооны багш монгол хэл зааж байгаа нь бодит жишээ. Багш нарын мэргэжил болон сургалтын арга барилын талаар ямар ажил зохион байгуулах хэрэгтэй санагддаг вэ?

Хамгийн гол зүйл нь удирдлага, зохион байгуулалт. Санаачлагч нь мэргэжлийн бус хүн байгаа тохиолдолд багшийн цалин хангамж муу, ашиг мөнгө олохоо урьтал болгож, боловсролыг бизнестэй хутгаснаар дампуурах эрсдэлд орох нигууртай. Багш нар элдэв бизнес нам, улс төр, шашны байгууллагаас ангид байж зөвхөн монгол хэлний сургалтын түвшинд зохион байгуулж чадвал сургалт амжилттай явагдах үндэстэй юм. Санаа нь зөв бол заяа нь засаад явах буй за.

Танд сүүлийн асуултаа үлдээе?

Миний харж буйгаар гадаадад амьдарч буй монголчуудын дунд аливааг өмчлөх, хувьчлах үзэл ихэд газар авч. Монгол наадам, Цагаан сар, янз бүрийн олон нийтийн арга хэмжээ, цаашилбал хичээл сургалт. Багш хүн хичээл сургалт, сургалтын арга барил, хичээл хоорондын холбоо, хүүхдэд өгөх мэдлэг, түүнийг хүргэх мянган арга замыг эрэлхийлэгч, шинийг санаачлагч, мэдлэг түгээгч байх хэрэгтэй юм. Эцэст нь багш хүн БАГШ шиг л байх хэрэгтэй.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

https://www.facebook.com/MongolianLanguageCentreInUK/?fref=ts

14182458_936807553109271_1921792851_n

Тус номыг та бүхэн Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төвийн  Я.Болортуяа тай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.