A A A

"Над руу ингэж битгий хар” киногоороо Кино шүүмжлэгчдийн олон улсын холбооны шагнал, Испанийн Таррагона хотын REC наадмаас шагнал хүртсэн Борхүүгийн Үйзэнмаатай цахимаар холбогдлоо.

Багаасаа л Германд амьдарсан тэрбээр монголоор бичихдээ муу тул бидний асуултад англиар хариулсныг нь хөрвүүлэн хүргэе.

-Монголоор тааруухан ярьдаг юм билээ. Багаасаа л Германд амьдарсан уу?

-Миний ээж 1974 онд Зүүн Германд сэтгэл судлалын багшаар суралцсан. Ээжийн ажлаас шалтгаалж, гэр бүлээрээ Ардчилсан Германд амьдрахаар шийдсэн юм. Тиймээс би Германы цэцэрлэг, сургуульд хүмүүжсэн.

Энд боловсрол эзэмших нь сайхан ч эмээ, өвөө, хамаатнуудаасаа хол байна гэдэг гунигтай. Бид бараг жил бүр зуны амралтаараа Монголдоо очихыг хичээдэг. Монголд зочилно гэдэг манай гэр бүлийн хувьд оны гол үйл явдал.

-Таны ахыг бас кино найруулдаг гэж дуулсан. Танай гэр бүлд урлагийн хүн өөр байдаг уу?

-Аав минь зураач Борхүү гэж хүн бий. Аавтай үргэлж урлагийн тухай ярилцдаг. Миний санаа бодлыг сонсож, чиглүүлдэг юм. “Над руу ингэж битгий хар” киноны постерын уран зургийг зурсан. Киногоо эвлүүлж суухад олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн шүү. Би түүнтэй ажиллахдаа баяртай байдаг. Миний эгч Чагсалмаа загвар зохион бүтээгч. Тэрбээр THOS хэмээх ноолууран бүтээгдэхүүний брэнд гаргаж байгаа.

Чингүнжав ах минь Свен Зелнертэй хамтран говийн хууль бус алт олборлогчдын тухай “Алтны үнэ цэнэ” нэртэй кино хийсэн. Ах минь эхнэр, охидын хамт аяллын машинаар 17 улс дамжин Германаас Монголд очсон юм. Энэ хэцүү, бас адал явдалтай аяллынхаа тухай баримтат кино хийхээр эвлүүлж байгаа. Ийм сонирхолтой, адал явдалтай аялал хийсэнд нь тэднээр бахархаж байна. Ах минь аз туршсан зүйлд дуртай, ертөнцийг илүү танихыг, бусад соёл иргэншлийг мэдэхийг хичээдэг, сониуч хүн. Тэр Герман, Монголын хооронд ирж, очдог. Монголдоо төвхнөхийг хүсдэг юм. Тун удахгүй байх аа.

-Таны ээж гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн эгч гэсэн үү?

-Тийм ээ. Түүний тоглосон олон хошин шог, киног үзсэн. Чадварлаг сайн жүжигчин гэдгээр нь үргэлж бахархдаг. Яг үнэнээсээ тоглодог, ямар ч дүрд санасандаа хүртэл хувирдаг юм билээ. Дүрээ амилуулдаг, хүмүүсийг инээлгэдэг чадвар нь гайхалтай. Би түүний үнэнч шүтэн бишрэгч. Надад Монголд кино хийх том мөрөөдөл байдаг юм. Түүнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Надад олон зүйл зааж өгөх байх.

-Яагаад найруулагч болохоор шийдсэн юм бэ?

-Би үргэлж аливааг сониучирхаж, эргэцүүлж, хачирхалтай нөхцөл байдалд буй хүмүүсийг ажигладаг байлаа. Кино үзэх дуртай ч найруулагч болно гэж бодож байсангүй. Гэхдээ сэтгэл бодол доторхоо илэрхийлж, ямар нэгэн зүйл үзүүлэхийг үнэхээр их хүсдэгээ мэдэрдэг байсан. Тиймээс ч оюун бодолд буйгаа цаасан дээр буулгаж, шүлэг, өгүүллэг оролдоно. Өөрийгөө хэрхэн илэрхийлэх зөв замыг хайсаар байсан нь тэр. Ингээд кино намайг маш сайн илэрхийлж чадах юм байна гэдгийг ойлгож, урлагийн сургуульд орохоор шийдсэн. Гэхдээ эхлээд, 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалсан. Тэгээд Германы алдартай, Мюнхений телевиз, кино урлагийн их сургуульд суралцсан минь том завшаан. Энэ сургуульд элсэх их хэцүү даваа байсан ч орж чадсан. Анхны киногоо 16 мм-ийн хальсаар хийсэн минь надад их таалагдсан.

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-“Над руу ингэж битгий хар” киноны зургийн хэсгийг гэр хороололд авахаар өнгөрсөн онд ирсэн. Таньдаг эмээг дүрд тоглуулахаар ах минь сонгосон юм. Тэр 80 настай, 10 хүүхэдтэй сайхан буурай. Бид амьдралын тухай ярилцан, монгол дуу дуулж, гурван хоног зураг авч, гайхалтай өдрүүдийг хамт өнгөрүүлсэн. Энэ бүтээлийг кино наадмуудад толилуулах үеэр хүмүүс “Эмээгийн дүр үнэхээр гайхалтай байлаа” гэцгээсэн. Тэр мэргэжлийн жүжигчин биш хэрнээ үнэхээр сайн тоглосон шүү. Монголд дахиж очихдоо түүнтэй заавал уулзахыг хүсэж байна.

-Монгол кино үздэг үү?

-Оросын нөлөө байсан болоод ч тэр үү, надад Монголын хуучны кинонууд таалагддаг. Ялангуяа нэгэн эмэгтэй мэдрэл муутай хүүтэйгээ усанд живж, амиа хорлодог, 1960-1970-аад оны кино. Хүү нь лам байсан санагдана. Нэрийг нь мартчихаж. (Найруулагч Н.Нямдаваагийн 1992 онд бүтээсэн “Буяны нүгэл” бололтой) Өөрийн гэсэн өнгө төрхтэй байна гэдэг урлагт их чухал. Харин орчин үеийн монгол киноны олонх нь үнэмшилгүй санагддаг. Аль хэдийнэ Холливудынхны хийчихсэнтэй адилхныг бүтээхийг хүсэж байгаа юм шиг ажиглагдсан. Монгол киноны уран бүтээлчид өөрийн гэсэн хэлтэй, монгол өнгө төрхтэй кино бүтээх эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хуулбарлана гэдэг сайн зүйл биш.

Ярилцлагын үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.