A A A

Зураач Ганболдын Наранцацрал /Zazаа Ganbоld/ ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо амьдарч уран бүтээлээ туурвидаг. Тэрбээр Монголдоо СУИС-ийн зураасан зургийн ангид суралцан төгсөхдөө бар зураг, хар зураг, харандаан ажлуудаа нэлээд сайн хийж сурчээ. Тиймдээ ч энэ бүсгүй эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ харийн нутагт аж амьдралаа залгуулахын сацуу Монголоо сурталчилж, монгол хүний нэрийг өндөрт өргөж явна. Учир нь, торго болон кашмир дээр уран зураг зурж бүтээсэн түүний алчуурны коллекцууд европын хэд хэдэн хотын дэлгүүрт худалдаалагдаж байна.

МИНИЙ МЭРГЭЖИЛ

Би зураач мэргэжилтэй. Хүүхэд байхаасаа л загвар зохион бүтээгч юм уу зураач болохыг хүсдэг байсан. Одоо ХБНГУ-ын Берлин хотноо бие даасан чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Өөрөө өөртөө дарга нь ч, цэрэг нь ч болдог болохоор өглөө босоод л аль болох бүтээлч ажилдаа цагаа зориулахыг хичээдэг. Уран зураг зурахдаа хурц тод өнгө, хөдөлгөөнтэй зураасаар дотоод ертөнцөө илэрхийлдэг. Сүүлийн үед уран зургаараа торгон болон кашмир Zazaa art алчуурын коллекцууд гаргаж байна. Алчуур болгон маш цөөхөн тоогоор хийгддэг. Түүнчлэн зурахын хажуугаар компьютер дээр график дизайны ажлууд нэлээд хийж байна. Энэ чиглэлээр өдөр бүр л өөрөө бие даан суралцаж байна. Сурч мэдэхийн хэрээр л төсөөлөл, мэдрэмж, боломж маань улам бүр тэлж байна даа.

МИНИЙ АМЬДАРДАГ ХОТ

Би Герман улсын нийслэл Берлин хотод олон жил амьдарч байна. 3,5 сая хүн амтай хотын маань онцлог нь дүүрэг болгон өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, хүмүүсийнх нь амьдралын хэв маяг харилцан адилгүй, гадаад дотоодын хүмүүс ихтэй олон улсын хот юм. Берлин хотын хүмүүс эелдэг гэхээсээ илүү шулуухан харилцаатай. Хувцаслалт нь хоорондоо аль болох зохицолдохгүй юу ч хамаагүй угласан байвал та өөрийгөө Берлинд ирж гэж ойлгож болно. Ногоон хот, цэцэрлэг, зугаалах талбай ихтэй, хүмүүс нь спортоор их хичээллэдэг, дугуй унах, явган явах дуртай.

Берлин нь II дайны өмнө дэлхийн урлаг соёлын төв байсан юм. Харин дайны үеэр балгас болтлоо сүйдсэн. Дайны дараа баруун Герман, зүүн Герман гэж хуваагдан хана хэрмээр тусгаарлагдаж байгаад одоогоос 28 жилийн өмнө ханаа нурааж хоёр Герман нэгдсэн түүхтэй.

Берлин хотод маш олон дуурь, бүжиг, жүжгийн театр, музей, галерей бий. Олон улсын чанартай үзэсгэлэн яармаг энд их болдог. Би чөлөөт цагаараа музейн арлаар зугаалж, хуучин номын захаар явах дуртай.

МАНАЙ ГЭР

Манайх хотынхоо яг төвд байрлах 100 жилийн өмнө баригдсан хуучны барилгын дээврийн давхарт амьдардаг. Орчин цагийн маягаар
засварласан эртний элемент, хээ хуартай байшин надад их таалагддаг. Бид гэрээ яг л урлан шиг тохижуулсан. Манай нөхөр уулын чулууг засч хийсэн баримлууд цуглуулдаг. Чамин тансаг тавилга гэхээсээ урлагийн өвөрмөц содон зүйлсэд дуртай.

МИНИЙ ҮЗЭСГЭЛЭН

Энэ зургадугаар сард би эх орондоо очиж “Дөрвөн улирал” үзэсгэлэнгээ гаргасан. Орчин үеийн яаруу давчуу амьдрал, хурдтай мэдээллүүдийн дунд хүн өөрийгөө санамсаргүйгээр гээх вий гэж би эмзэглэдэг. Тиймдээ ч хүмүүс амьдралын өчүүхэн ч гэсэн гоо сайхныг цаг гаргаж гүн мэдрээсэй, байгаль дэлхийгээ, бие биеэ, өөрөө өөрийгөө хайрлах мэдрэмжийг бага ч болов аваасай гэх мэссежийг үзэсгэлэнгээрээ дамжуулан хүргэхийг хүссэн. Үзэсгэлэнд нийт 17 төрлийн тос акрилик, харандаан ажлууд, холимог техникийн аргаар хийсэн даавуун ажлууд, урьд дэлгэгдэж байгаагүй акрил шилэн зураг тавигдсан. Түүнчлэн 12 төрлийн дизайнтай Zazaa брэндийн алчуурын “Дөрвөн улирал” шинэ коллекцоо толилуулсан юм. Алчуур болгон маань цэвэр торго, кашмир, модал материалтай бөгөөд цөөн хувь хийгдсэн. Сонирхуулахад, үзэсгэлэнгээс олсон орлогынхоо таван хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг Achilles kids Mongolia нийгэмлэгт хандивласандаа баяртай байна. Монголчууд бид чинь эх орноосоо харь хол амьдарч байлаа ч зүрх сэтгэл минь эх орныхоо төлөө цохилж байдаг юм шүү дээ.

МИНИЙ ХУВЦАСЛАХ ХЭВ МАЯГ

Ямар нэгэн стильд баригддаггүй, жирийн үед биед эвтэйхэн хувцас сонгодог. Харин ямар нэгэн баяр, хүлээн авалт, үйл ажиллагаанд очих, тоглолт үзэх, найз нөхөдтэйгөө гадуур гарахдаа бие барьсан, элегант, хурц өнгийн өвөрмөц ганган хувцас өмсөх дуртай. “Дөрвөн улирал” үзэсгэлэнгийнхээ үеэр би өөрийн зурагтай хувцсыг өмсөж сонирхуулсан. Ирээдүйд Zazaa брэндийнхээ зурагтай хувцсаар
гангарах мөрөөдөлтэй.

МИНИЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР

Би долоо хоногт хоёр удаа иогоор хичээллэж, дараа нь саунд сууж хөлсөө гаргадаг. Заримдаа биеийнхээ бүх хэсэгт зөгийн бал, эсвэл давс түрхээд саунд сууж арьсандаа шингээдэг. Оливын тостой кофены шаар ч арьсыг их гоё болгодог. Шингэн юм ууж, салат их иддэг. Германчууд оройдоо талхаа янз бүрээр нь идэцгээж, хүнд бөгөөд халуун хоол иддэггүй. Энэ нь эрүүл мэндэд их тустай. Би гадуур их алхдаг, ер нь байнга л хөдөлж байхыг хичээдэг дээ.

НАМАЙГ УРАМШУУЛДАГ ЗҮЙЛС

Суут, онцгой хүмүүсийн тухай унших, баримтат кино үзэх дуртай. Би том болсон хоёр охинтой ээж хүн. Бүтээлч, сониуч зангаараа тэдэндээ үлгэр дуурайлал болохыг хичээдэг. Өөрөө өөртөө үнэнч байж, өөрийн амьдралын үнэ цэнийг ойлгосон хүн л энэ амьдралын амт шимтийг илүү ихээр мэдэрдэг болов уу. Зарим үед амьдралд яг л загас усандаа байгаа мэт тийм гоё мэдрэмж төрж байвал чи зөв газраа зөв амьдарч байна гэсэн үг.

Хийж байгаа зүйлс маань намайг их урамшуулдаг. Алчуурын коллекцууд маань европын хэд хэдэн хотын дэлгүүрт худалдаалагдаж байгаа. Бүтээл болон алчуурыг маань цуглуулгандаа авдаг хүмүүсийн баярласан сэтгэл, талархлын үгсээс асар их урам авдаг.

МИНИЙ АЯЛАЛ

Би аялах маш дуртай. Сүүлд Морокко улсын Марракеш хот, Португалийн Лиссабон, Италийн Флоренц явсан. Түүхийн дурсгалтай, урлагийн үнэт өвөөр баялаг, музей, галерей ихтэй газрууд, мөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялах дуртай. Аяллын хөтөч номоо барьж аваад л хөлөө өвдтөл явдаг. Сүүлд очсон Флоренц хот бол сэргэн мандалтын үед хөгжлийнхөө оргилд хүрсэн, тэр цаг үед дэлхийн бүх алдартнууд, онцгой зураач урчууд, зохиолч яруу найрагчид нэгэн дор нэг хотод цугларч байсан гэдгээрээ алдартай. Ийм зүйл дэлхийн түүхэнд өөр байдаггүй юм билээ.

Аялал хүний харах өнцгийг тэлж, өөрөө өөрийгөө олж авахад нь тусладаг. Их үзэж харж, аялж явахын хэрээр хүн улам л ухаажиж даруу болдог шиг санагддаг. Ер нь аяллын үеэр л айх, гайхах, бахдах, бишрэх, сүрдэх, сүсэглэх олон мэдрэмжийг нэг дор мэдрэх завшаан тохиодог шүү дээ.

Нийтлэлийг: Ж.Баярхүү

Эх сурвалж: "НийслэлGuide" №63/ 2017 долоо, наймдугаар сар