A A A

Турк гаралтай герман найруулагч Фатих Акин өнгөрсөн онд зохиолч Вольфганг Херндорфын “Чик” (Tschick) романаас сэдэвлэн кино хийсэн. Тус киноны гол баатар болох Чикийн дүрд Германд амьдардаг монгол хүү Б.Ананд тоглож, шүүмжлэгчид эергээр хүлээж авсан билээ. Тэгвэл “Гёте институт” Монголд индепендент киног дэлгэрүүлэгч “Алтан хальс” холбоотой хамтран ирэх баасан гарагт уг бүтээлийг өргөн дэлгэцээр гаргах гэж байна. “Алтан хальс индепендент кино наадам”-ыг (AKIFF) тохиолдуулан Ф.Акин, Б.Ананд нарыг урьж авчирчээ. Баасан гарагт “iCinema” кино театрт 19.00, 22.00 цагаас хоёр ч удаа гарах бөгөөд киноны уран бүтээлчидтэй уулзаж, хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Бид Б.Анандтай хэдэн хором ярилцлаа. Тэрбээр Германд амьдраад таван жил болж байгаа бөгөөд ахлах сургуулийн X ангид урч буй. Хичээл нь англи, герман хэлээр давхар хичээл ордог учраас хэлний мэдлэг өндөр ажээ. Биеэ авч явах байдал, зан төлвийн хувьд (аяллын машинаа Чик хулгайлдаг) нийтлэг бус, өвөрмөц төрхтэй Чик 13 настай хүүхдийн хувьд амаргүй дүр. Халимаг үстэй, зөөлөн төрхтэй Б.Ананд кинонд гардгаасаа тэс өөр харагдах аж. Тэрбээр бодит амьдрал дээр дүрээсээ эрс өөр зан араншинтай гэлээ.

-“Tschick” зохиолыг хэзээ уншсан бэ? Кинонд нь тоглож эхлэхээсээ өмнө уншсан байсан уу?

-Тэр зохиолын талаар ерөөс олж дуулаагүй байсан. Шалгуулж тэнцээд, дүрдээ бэлдэж эхлээд л уншсан.

-Ф.Акин анх “Чик”-ийг уншаад заавал кино болгоно гэж бодсон, дүр зураг нь шууд нь харагдсан гэж ярьсан шүү дээ. Та нарт (тоглосон хүүхдүүдэд) түүний төсөөлөл хэр амархан буусан бэ?

-Маш тэвчээртэй тайлбарлаж байсан. Мэдээж номд болдог бүх үйл явдлыг оруулахгүй учраас яг юуг нь шилж кинондоо багтаасан, ерөнхий уур амьсгал нь ийм тийм гэх мэтээр тайлбарлаж өгсөн. “Чик” найруулагчид их таалагдсан юм шиг байна лээ. Хийж байхдаа байнга баясгалантай байсан. Ажил хэрэгч мөртлөө хөгжилтэй, хамтарч ажиллахад маш амар хүн юм билээ.

Ярилцлагыг бүрэн эхээр унших