A A A

Гадаадад ажиллаж амьдарч буй ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд санаа тавин өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулан, идэвхтэй бас зүтгэлтэй амьдарч буй нэгэн бүсгүйтэй та бүхнийг танилцуулья. “Түвд” агентурын захирал Т.Болдгэрэлтэй ярилцлаа.

-Гадаадад ажиллаж амьдардаг олон Монголчууд тэр бүр өөрийн гэсэн хувийн аж ахуйн нэгж байгуулан ажиллах нь элбэг биш. Мэдээж хууль дүрэм чанд хатуу, эрсдэл өндөртэй зэрэг олон шалтгаан байдаг байх. Харин та  энэ зоримог шийдвэрийг хэрхэн гаргав аа?
-Баярлалаа. Би Герман улсад 12 жил ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд юу эсийг хийх вэ. Сурахын хажуугаар олдсон ажил бүрийг хийдэг байлаа. Зочид буудлын менежерээр нэлээн хэдэн жил ажилласан.  Энэ үед улс төрийн хувьд улам гүнзгийрч байгаа Монгол Германы харилцааг эдийн засаг, аж ахуйн төвшинд өргөжүүлэх шаардлага байгааг мэдэрсэн гэх үү дээ. 2008 онд  бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аливаа юм эхлэхэд хүндрэлгүй бүх зүйл дардан сайхан байна гэж юу байхав.  Эдийн засгийн хямралын  давалгаанд ч өртсөн. Хэцүү үе ч байсан, одоо ч бас бүх зүйл дардан замдаа орчихоогүй л  байна.  Италийн зохиолч Cesare Pavese   “Эхлэл бол хорвоогийн хамгийн сайхан баяр баясгалан, учир нь мөч бүхэн өөрөө эхлэл байдаг болохоор амьдрал сайхан” гэж хэлсэн байдаг. Хэцүү, хүнд гэвэл бүх л зүйл амаргүй шүү дээ. Агентураа байнгын үйл ажиллагаатай, тэр нь бусдад хэрэгтэй мэдээж надад ч бас өгөөжтэй байгаасай л гэж хүсдэг.

-ТUVD гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ?
-Би агентураа дэндүү эрт хорвоогоос халин одсон аавынхаа нэрээр нэрлэсэн юм. Миний аав Түвд гэж  ажилч хичээнгүйгээрээ олонд хүндлэгдсэн нэр хүндтэй хүн байсан. Ид хийж бүтээдэг насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь дэндүү харамсалтай. Манай улсын аж үйлдвэрийн анхны объект болох Хатгалын ноос угаах үйлдвэр, Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ерөнхий инженерээр ажиллаж олон шинэ бүтээл оновчтой санал нэвтрүүлж байсан. Монголд машины  туслах эд анги хийх үйлдвэр байгуулах мөрөөдөлтэй байгаад амжаагүй юм. 

-TUVD агентурын үйл ажиллагааны талаар та танилцуулаач?
-Манай агентурын гол чиглэл нь үйлдвэрлэл үйлчилгээний чанарын менежмент. Чанартай үйлдвэрлэл, үйлчилгээний түлхүүр нь өндөр төвшний ур чадвар, боловсрол бүхий мэргэжилтэй ажиллах хүчин. Тиймээс энэ чиглэлийн сургалтуудыг манай агентур голлон явуулдаг.  Мөн Монголд шаардлагатай хөрөнгө оруулалтын төслүүдэд зуучлах, орчуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Аж үйлдвэржсэн, өндөр хөгжсөн  энэ орны салбар бүрийг танилцуулах аялалуудыг манай мэргэжлийн холбоод, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Сүүлийн үед барилга хот байгуулалт, эм, эм зүйн салбар, хөдөө аж ахуйн чиглэлээр нэлээд ажил хийлээ. Ирээд буцаж байгаа хүмүүс маань өргөн мэдээлэлтэй, сэтгэл өндөр буцаж байгааг харах сайхан байдаг.

-Ажлын талбарт гараад хоосон диплом өвөртөлсөн төгсөгчдөөр дүүрсэн манай улсад залуусаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх нэн шаардлагатай. Томоохон бүтээн байгуулалтын ажилд Монгол хүний оролцоог бий болгоход ажиллах чадварлаг хүчний зайлшгүй дутагдалд ороод байна. Энэ чиглэлийн сургалт зохион байгуулдаг гэж та ярилаа. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Сүүлийн үед мэргэжлийн боловсролд төр засаг,хувийн хэвшил аль аль нь маш ихээр анхаарч дорвитой өөрчлөлт гарч байгаад хувьдаа их баярлаж байгаа. Үүнд донор орнуудын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс оруулж буй хувь нэмэр ч их бий. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн олон төв Мянганы сорилтын сан, “Оюу толгой” компанийн хөрөнгөөр сургалтын баазаа өөд нь татаж авлаа.  Германы Засгийн Газар мөн гурван жилийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. Германы мэргэжлийн боловсролын хосолсон систем бол үнэхээр дэлхийд шалгарсан тогтолцоо. Энэ улс эдийн засгийн хувьд хүчирхэг байгаагийн гол хүчин зүйлийн нэг нь ерөөсөө л ажиллах хүчнийг маш өндөр төвшинд бэлтгэж авч чадаж байгаад оршино.  Өнөөдөр Европ дахь залуучуудын ажилгүйдэл хамгийн бага байгаа орон нь Герман. Германд 24 хүртэлх насны залуучуудын 7,9 хувь нь ажилгүй байхад Грек, Испанид энэ үзүүлэлт 52 хувьтай байх жишээтэй. Энэхүү хосолсон системийн онцлог нь аж ахуйн нэгжүүд залуу ажилчдаа өөрийн компанид ажиллуулан дадлагажуулахын  зэрэгцээ онолын сургалтыг мэргэжлийн сургуулиар давхар эзэмшүүлэн бэлтгэдэг явдал юм. Ингэж бэлтгэгдсэн ажилчдын ихэнх нь тухайн компанидаа үндсэн ажилчин болдог учир сургууль төгссөний дараа ажилгүйдэлд өртөх магадлал маш бага байдаг. Манайх онол дагнасан танхимийн сургалтаасаа татгалзаж залуучуудын мэргэжил эзэмших явцад хувийн хэвшлийн оролцоог өсгөх шаардлагатай байна. Манай аж ахуй эрхлэгчдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийх хэрэгтэй байгаа юм. Бүх том, дунд жижиг төвшний аж ахуйн тогтвортой үйл ажиллагааны баталгаа нь чадвартай, найдвартай, чанартай ажиллах хүч шүү дээ. Чадвартай сайн ажиллах хүч мэдээж хямдхан олдохгүй. Манай хувийн хэвшлийнхэнд байгаа нийтлэг нэг дутагдал нь хүнийг хамгийн бага хөлсөөр, хамгийн урт цагаар ажиллуулах гэсэн сэтгэлгээ газар авсанд байна гэж би хардаг. Би монгол хүн ажил хийж чадахгүй байна гэдэг гомдолтой санал нийлдэггүй. Монгол хүн гадаадад гараад ажиллахаараа хэнээс ч дутахгүй ажиллаж амьдарч чаддаг мөртлөө эх нутагтаа байхаараа яагаад чаддаггүй билээ? Манай сургалтанд ирж байгаа хүмүүсийг харж байхад маш амархан сурна. Үнэхээр сурах мэдэхдээ хурдан авхаалжтай хүмүүс шүү дээ монголчууд. Бид сургалтаа шинэ техник технологи эзэмшүүлэхээс гадна хүнтэй харьцах харилцааны соёл, хөдөлмөрийн сахилга бат, ажлын байрны зохион байгуулалт  зэрэг чухал зүйлийг заавал тусгаж Германы аж ахуйн нэгжид дээр дадлага хийлгэдэг. Мэргэжлийн боловсролын чиглэлийн сургалтууд ихэвчлэн сарын туршид практик давамгайлсан хэлбэрээр явагддаг, энэ явцад онолын талын мэдлэгийг давхар дээшлүүлнэ. Зарим сургалтын явцад Германы компаниуд, багш нар сургалтанд хамрагдсан монгол залуусыг авч үлдээд өөрсдийн ажилчин болгох сонирхолоо илэрхийлдэг. Бараг сургалтын баг бүрт л ийм санал хүсэлт хүлээн авдаг. Хөдөлмөрийн зах зээлд бий болсон ажиллах хүчний дутагдал нь хүний хөдөлмөрийг зохистой үнэлж чадахгүй байгаагаас үүдэн өөртөө бий болгож байна гэж би үздэг.

-Энэ сургалтанд яаж хамрагддаг юм бэ. Одоогийн байдлаар ямар ямар чиглэлээр сургалт хийсэн бэ?
-Харамсалтай нь хүссэн хүн бүр хамрагдах боломж бага. Замын зардал өндөр, бүтэн сарын туршид байрлах байр, өглөө өдөр оройн хоол гээд зардал тийм ч хямдхан биш. Барилгын чиглэлээр гагнуурчин, плитачин, өрлөгчний мэргэжил дээшлүүлэх сургалтуудаас гадна барилгын ногоон технологи, барилга дахь эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдалыг багасгах чиглэлээр семинар зохион байгуулж байна. Анзаарч байхад манайхан чадвартай мөртлөө нийтлэг алдаа гаргадаг. Энэ нь стандарт гэдэг зүйлийг огт баримталж сураагүйтэй холбоотой.  Гурван давхар гагнах стандарттай турба байлаа гэхэд “монголчлоод” хоёр байхад болгочихдог. Гэтэл яагаад гурван давхар гагнах шаардлагатай гэдэг стандарт гаргасан юм бэ, гурван давхар гагнаагүй тохиолдолд ямар эрсдэл гарах вэ гэдэг талаар бодохгүй байх тал дутмаг. Иймээс бид стандарт гэдэг зүйл ямар учраас байдаг юм, яагаад баримтлах ёстой юм бэ гэдэг тал дээр бас их ойлголт өгдөг.  Энэ өвөл агааржуулалт сантехник, автын мехатроник болон цэцэрлэгжүүлэлтийн сургалтууд явуулна. Автомашины механикчийн шинэчлэгдсэн нэр нь мехатроник болсон. Энэ чиглэлийн сургалтууд хийнэ. Түүнээс гадна дараа жилийн долдугаар сард Лайпциг хотноо болох мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах „Worldskills“ тэмцээнд Монголоосоо баг оролцуулах зорилготой ажиллаж байна. 1950 оноос хойш хоёр жил тутам зохиож буй мэргэжлийн боловсролын хувьд дэлхийн хэмжээний хамгийн том арга хэмжээ. Манайх энд оролцож байгаагүй. 1974 онд Мюнхэнд зохиосноос хойш бараг 40 жилийн дараа Германд хоёр дахь удаагаа болох гэж байна. Энд Германы талаас хамтран ажиллаж буй газрууд „Worldskills“-ийн гишүүн болох улмаар тэмцээнд оролцоход бүхий л талаар дэмжиж байна. Хөдөлмөрийн яаманд санал оруулсан, хариу хүлээж байна.

-Таныг Монголд дугуйн хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж Улаанбаатар хотын захиргаанд хандаж байхад анх танилцаж байснаа санаж байна. Энэ асуудал юу болсон бэ?
-Өө энэ асуудлаар их олон газар хандсан. Мөнхбаяр гуайг хотын дарга байхад саналаа хүргүүлсэн, хариу ирээгүй. Бат-Үүл даргад саналаа бас л хүргүүлсэн хариу алга л байна. Манайх шиг шатахууны хэрэглээ нь 100 хувь гадаадаас хамааралтай, замын түгжрэл нь хүн болгоны проблем болчихсон, агаарын бохирдол нь хэрээс хэтэрсэн оронд дугуй унах шиг л сайхан юм баймгүй санагддаг юм. Мэдээж энэ нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад улирлын чанартай л даа.  Дугуй унахын ач холбогдол үнэхээр өндөр. Уг нь их энгийн мөртлөө ач холбогдолтой санаа. Энд ганцхан тоо баримт дурдъя. Улаанбаатар хотод 300.000 тээврийн хэрэгсэл өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоо байдаг. Нэг км зам туулахад 140 гр CO² ялгардаг тогтсон тооцоо байдаг. Нэг машин 50 км зам явлаа гэхэд 7000 гр буюу 7 кг CO² ялгаруулна, үүнийг 300000 машинаар тооцоод үзэх хэрэгтэй. Хэрэв бид машин хөлөглөгч иргэдийнхээ зөвхөн нэг хувь буюу 3000 иргэнийг л урин дулаан цагт унадаг дугуй унах сонирхол төрүүлж чадах аваас өдөрт амьсгалан өөрсдийгөө хордуулж байгаа CO² ийн хэмжээгээ мэдэгдэхүйц багасгаж чадахаар байна. Эхний ээлжинд хотын их дээд сургуульд суралцаж байгаа 130 гаруй мянган оюутан залуусыг дугуй унадаг болгочихвол нийтийн тээврийн ачаалал ч багасна. Хотын удирдлагуудад тавьсан санал дотор замын тендерээ заавал дугуйн замтай нь цуг зарлаач, дугуй унах бусад нөхцөлөөр хангах эхлэлийг тавиач ээ гэсэн асуудлууд тусгасан байсан. Удаа дараа хандаж байна. Гэвч хариу алга. 

-Улаанбаатар хотын удирдлагууд солигдоод багагүй өөрчлөлт хийж байх шиг байна. Таны гаргасан санал санаачилга дэмжигдэж Улаанбаатарчууд дугуй унадаг болно гэдэгт итгэлтэй байна. Гадаадад  ажиллаж амьдарч, эх орныхоо хөгжилд санаа тавьж явдаг олон сайхан Монголчууд  байдаг. Тэдний нэгтэй өнөөдөр ярилцсандаа  баяртай байна. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. 
-Танд ч бас баярлалаа. Эх нутагтаа болон гадаадад  ажиллаж амьдарч байгаа хэн ч болов хоосон шүүмжлэх биш бодит үйл ажиллагаагаар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж яваасай гэж би хүсдэг. Агентурынхаа үйл ажиллагаагаар улсынхаа “хөгжлийн далайд” дусал нэмэрлэхсэн гэж зорьдог. Эх сурвалж: www.assa.mn