A A A

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн II чуулган

2015 оны 06 сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Европт ажиллаж амьдардаг Монгол эмэгтэйчүүдийн II чуулган Бельги улсын Гент хотод амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээг Бельги дэх „Өүлэн Эх“ - Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн холбоо (ЕМЭХ) зохион байгуулсан бөгөөд Бельги, Герман, Франц, Чех, Австри, Голланд, Швейцарь орнyyдaaс 70 шахам эмэгтэйчүүд ирж оролцов. 

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны (ЕМЭХ) тэргүүн, хууль зүйн ухааны доктор Д. Амараа чуулганыг нээж хэлсэн үгэндээ "ЕМЭХ нь Европт ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эв нэгдэл харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, Европт байгуулагдан ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн холбоо, зөвлөлүүдийг мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох, төр засгаас явуулж байгаа мэдээллийг тэдэнд түгээх зорилготойгоор байгуулагдаад 2 жил болж байнa"- хэмээн холбоогоо танилцуулсанаар чуулган эхлэв.


Европын орнуудад өнөөгийн байдлаар ойролцоогоор 10 мянган монгол эмэгтэйчүүд ажиллаж амьдарч байна. ЕМЭХ нь дараахь асуудлуудыг холбогдох албан байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана. 

Үүнд: 
• мэдээллээр хангах, эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрхийг хамгаалах г.м.зорилтуудаас гадна
• хоёр иргэншлийн асуудлыг хөндөж тавих,
• монгол хэл заадаг сургуулиудын багш нарын цалин хангамжийн асуудлыг шийдвэрлүүлэх,
• Европт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тэтгэврийн асуудлыг хөндөн тавьж шийдвэрлүүлэх,
• Европт их дээд сургууль төгссөн залуучуудад ажил олоход нь туслах зэрэг болно.


Чуулганы хүндэт зочдоор Бельгийн вант улсад Монгол улсыг төлөөлөн суугаа Элчин сайд Х. Даваадорж, Монгол улсын өргөмжит консул Paul Van Wouwe, Бельги дахь Туркийн холбооны тэргүүн Saban Gök, Монгол улсаас „Achilles International“ олон улсын байгууллагын ТУЗ-ийн гишүүн, сэтгүүлч Г. Солонго, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин О. Энхтуул, Чехийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Г. Оюунцэцэг нар хүрэлцэн ирж мэдээлэл хийж, илтгэл тавив. 

Мөн "Хосоо & Трансмонголиа", "Нюанс", "Аяз" хамтлагууд урилгаар хүрэлцэн ирж тус арга хэмжээг чимлээ. Энэхүү чуулга уулзалтын үеэр бизнeс, боловсрол, спорт, урлаг, олон нийтийн хvмvvнлэгийн ажилд идэвх зvтгэлтэй ажиллаж байгаа Европын холбооны улсуудад амьдардаг "Манлайлагч эмэгтэй"-чvvдийг шалгаруулан шагнав.


Бельгийн вант улсад Монгол улсыг төлөөлөн суугаа Элчин сайд Х. Даваадорж ЭСЯ нь нээлттэй байж ЕМЭХ-той бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Монгол улсын өргөмжит консул Paul Van Wouwe тус чуулган дээр хэлсэн үгэндээ - "Xүмүүсийн тэгш эрхийн талаар энэ чуулган дээр яригдаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү тэгш эрхийг хамгаалахын тулд xүмүүс олуулаа нийлж, байнга маш их ажил хийх шаардлагатай болдог талаар ярив. Чингис хааны түүхээс үзэхэд хамтын хүчээр ихийг бүтээж болдгийг харж болно хэмээгээд монгол эмэгтэйчүүд амьдарч буй орныхоо амьдралын хэв маягт дасч зохицохын хажуугаар өөрийн ёс заншил, уламжлалаа үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх нь чухал гэдгийг дурдав.

Бельги дахь Туркийн холбоодуудын тэргүүн Saban Gök хүрэлцэн ирсэн бөгөөд тyc холбоо нь 40 гаруй жилийн түүхтэй байгууллага бөгөөд Бельги дэх ТББ-уудыг тусалж дэмждэг. Aливаа ТББ дэмжлэг туслалцаагүйгээр оршин тогтнох аргагүй хэмээгээд ЕМЭХ-ны талаар Гент хотын даргад өөрийн биеэр мэдэгдэнэ гэв.

Чуулганд СТА, жүжигчин О. Энхтуул "Хатан ухаан" сэдэвт илтгэл тавив. Өүлэн эхээс уламжлан ирсэн хань нөхөр, үр хүүхдээ хайрлан хамгаалах нинжин сэтгэл, шаардлага гарвал өөрийгөө ч золиослохоос үл буцах хатан ухаантай бүсгүйчүүд бид хэдийгээр Европын олон орнуудад тархан сууж амьдарч байгаа боловч Алан гуа эхийн домогт гардагтай адил нэгэн багц сум мэт нэгдэж чадваас дор бүрнээ гайхамшгийг бүтээж улс эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж чадна гэдгийг нутаг нэгт бүсгүйчүүддээ онцлон хэллээ


Чехийн Монгол эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Г. Оюунцэцэг "Манлайлагч эмэгтэйн сэтгэлгээ"-ний талаар илтгэл тавив. Манлайлагч эмэгтэйчүүд шаргуу, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө байнга хөгжүүлж бусдаас суралцдаг, алсын хараатай зэрэг зан чанараараа бусдаас ялгардаг ба эерэг, бүтээлч сэтгэлгээ нь тэднийг амжилтанд хүргэдэг байна. Найз нөхдөө зөв сонгох нь үүнд маш чухал бөгөөд үүнийг галуу, бүргэд хоёрын жишээгээр зүйрлүүлэн тайлбарлав. Галуунууд нууранд цуглан суугаад ганганалдаж бусдыг муулан цагаа үрдэг бол бүргэдүүд аянга цахилгаантай бороотой үүлний дээгүүр нисч аливаа асуудлыг даван гарч чаддаг хүчтэй шувуу юм. Ганганалдан суугаа зургаан галууны долоо дахь нь болж суулгүй харин алсын хараатай бүргэдтэй найзал. Өөрсдөө бүргэд болцгоо гэсэн санааг онцолж хэлэв. 

„Achilles International“ олон улсын байгууллагын ТУЗ-ийн гишүүн, сэтгүүлч Г. Солонго 16 жилийн турш сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд цахим хэвлэл мэдээллийг бизнест бүтээлчээр ашиглах нь сэдэвт маш сонирхолтой илтгэл тавилаа.

Олон нийт, хүмүүнлэг мөн боловсролын чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хуралдаан маш сонирхолтой, үр бүтээлтэй болж өнгөрлөө. Энэ уулзалтаар Штуттгарт хотын "Солонго" сургуулийн багш Ө. Оюунтүлхүүр дэлхий даяарх Монгол хэлний сургуулиудын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив. Одоогийн байдлаар дэлхийн 10 оронд 26 монгол сургууль байгуулагдан ажиллаж байгаагаас Герман улсын Берлин, Дюссельдорф (Соёл), Мюнхен (Од), Нюрнберг (Эрдэм), Штуттгарт (Солонго) хотуудад 6 сургууль байнга үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр сургуулиудад хэдийгээр багш мэргэжлийн хүмүүс хичээл заадаг боловч нэгдсэн нэг удирдамж, сургалтын хөтөлбөр дутагдаж байгаа юм байна. Хэдийгээр Америкт байгаа Монголчууд "Гадаадад амьдарч байгаа хүүхдүүдэд монгол хэл заах хөтөлбөр" боловсруулж монголын Боловсролын яаманд өгсөн боловч одоо хүртэл хөрөнгө санхүүгийн боломжгүй гэсэн шалтгаанаар нэг мөр шийдвэр гаргаагүй байна. 

Чех улсаас ирсэн Отгонжаргал Чехэд олон Монголчууд амьдардаг атлаа ганц ч монгол сургууль байдаггүй гээд удахгүй бусад сургуулиудаас жишээ авч найз нөхөдтэйгээ хамтран Чехэд монгол сургууль байгуулах санаа төрснөө хэлэв. 

Германы Штуттгарт хотоос ирсэн "Монголын академичдын холбоо"-ны ТУЗ-ийн гишүүн Д. Гүнцэцэг 2008 онд байгуулагдсан тус холбоо нь Монголд 150-180 мянган евроны 9 төсөл хэрэгжүүлсэн ба энэ хөрөнгийн тал хувийг сайн дураараа ажил хийж олсон талаараа ярив. 

Голланд улсаас ирсэн Наранбилэг бүтээлч сэтгэлгээ байвал юмхнаар юм хийж санхүүгээ босгон хүмүүнлэгийн ажлуудыг явуулж болдог талаар мөн 2011 оноос нэгэн гэр хороололд амьдардаг бүтэн өнчин эгч дүү гурвыг дэмжин тусалж тэднийг их дээд сургуульд сургаж, ажил мэргэжилтэй болгосон тухайгаа ярихад ийм бүтээлч, мундаг бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн сууж тэдэнтэй нүүр тулан танилцах боломж олгосон чуулганыг зохион байгуулагчдад талархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. 

Уулзалтын эцэст монгол хэлний хичээлийн хөтөлбөр, сурах бичиг гаргахад зориулан массыг хамруулах замаар санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдаж фэйсбүүкийн бүлэг үүсгэв. 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хуралдаан маш амжилттай болж тэд өөрсдийн гэсэн GLOBAL WOMEN'S фэйсбүүкийн бүлэгтэй боллоо. Мөн эрүүл мэндийн "Fohow" компаний эрүүл мэндийн зөвлөх, өгөөмөр сэтгэлтэй эмэгтэй Лхагвасүрэнгийн Сугарсайхан Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст туслах зорилгоор 10 мянган Евро хандивлах болсноо мэдэгдсэн нь туйлын их сэтгэл хөдөлгөсөн явдал болов. 

Мааршийн Цасцэцэгийг спортод байнгын амжилт гарган Монгол улсынхаа нэрийг Европт өндөрт өргөж явааг нь үнэлэн Монголын залуучуудын холбооны "Тамирчны алдар" цол тэмдгээр шагнав.

Герман хэлний багш Даваасүрэнгийн Наранчимэгийг Монголын боловсролын салбарт урт удаан хугацааны турш ажиллаж хүүхэд залуусыг сурч боловсроход нь байнга дэмжин тусалж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монголын залуучуудын холбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол тэмдгээр шагнав. 


Монгол-Германы хамтарсан "Отгонбаяр" сангийн тэргүүн Нацагдоржийн Солонгын хилийн чанадаас Монгол эх орныхоо төлөө бусдыгаа манлайлан байнга хүмүүнлэгийн ажлууд явуулж байгааг үнэлэн урамшуулж Монголын залуучуудын холбооны "Шилдэг удирдагч" одонгоор шагнав. 

Н. Солонго нь 2008 оноос Германы Бавари мужид Монгол орон цуврал илтгэлүүдээ тавьж олсон орлогоо Дархан, Сэлэнгэ, Шарын гол аймгуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлаж иржээ. Тэрбээр Герман-Монгол хэл дээрх хамгийн анхны шүлгийн CD-г бүтээж олсон бүх орлогоо Монголынхоо хүүхэд багачуудад хандивласан байна. Мөн 2014 онд хилийн чанад дахь Монголчуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийж Соёл судлаач Дашбалбарын Индраг урин залуустаа лекц зохион байгуулсан г.м. нийгмийн идэвхтэй, залуу удирдагч бүсгүй юм.

Монгол улсын СТА, жүжигчин Ойдовжамцын Энхтуулын Герман улсын Штуттгарт хотын "Солонго" монгол сургуулийн хүүхэд багачуудад эх хэл, ёс заншлаа сурч Монголоо гэсэн сэтгэлтэй хүн болж хүмүүжиж төлөвшихөд нь оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлэн "Хөдөлмөрийн алдар" одонгоор шагнан урамшуулав. О. Энхтуул нь эх оронтойгоо холбоотой зохиогдож буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцож бүхий л талаар туслан дэмждэг халуун сэтгэлт бүсгүй юм.

Экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Европт эх орон нэгтнүүддээ ажил олгодог бизнес эмэгтэй Энхнямын эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монголын залуучуудын холбооны "Бизнес эмэгтэй" цол тэмдгээр шагнав.

Чуулганд оролцсон бүх эмэгтэйчүүдийг Европ-Бельгийн Монголын эмэгтэйчүүдийн "Өүлэн эх" холбооны зүгээс амьдарч ажиллаж буй газар бүртээ манлайлагч байхыг бэлгэдэж "Европын манлайлагч эмэгтэй" цол тэмдгийг гарын бэлэг, чуулганд оролцсоны дурсгал болгон хадгалуулав.

Нюанс" хамтлагийн залуус чуулганд оролцож буй эмэгтэйчүүдэд ая дуугаа өргөн барьсан нь маш их сэтгэл хөдөлгөсөн явдал боллоо. Австри улсын Вена хотын Их сургуульд мастераар сурч байгаа, сэтгүүлч мэргэжилтэй Б. Базарханддаа чуулганы турш телевизийн бичлэг хийж мөн чуулганы үйл ажиллагааг амжилттай хөтөлж явуулсанд маш их баярлалаа. Сурлагын өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Чуулганыг хөтөлж явуулсан "Жамуух" хамтлагийн M. Цэцгээ эгчдээ, мөн түүний хань M. Энхбаяр ахдаа маш их баярлалаа. Арын албанд хүн тосохоос өгсүүлээд чуулганы байр, зочдын байрласан буудал, арга хэмжээ явагдсан заал, чуулганы реклам сурталчилгаа, чуулганд оролцогчдын мандатыг гардан хийx, чуулган болсон байр савыг янзалж цэвэрлэх г.м. ажлуудыг хийж гүйцэтгэсэн та хоёртоо туйлын их баярлалаа. Танай сайхан гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Мэдээлэл хариуцсан Билгээ эгч, түүний хань Пүүжээ ах хоёртоо баярлаж талархснаа онцгойлон илэрхийлмээр байна. Чуулганы талаар утас мессежээр мэдээлэл өгөхөөс өгсүүлээд чуулганы үйл ажиллагааг дуусан дуустал та хоёрын минь гар хөл ороолцoогүй ажил гэж байсангүй (жолооч, зураглаач, хүн тосох, самбар хийх, хонь төхөөрөх гээд хийгээгүй ажилгүй Пүүжээ ах мундаг байлаа). Энэ бүх хугацаанд өөрсдийгөө умартан бидний төлөө зүтгэсэн та хоёртоо маш их баярлалаа.

Тус чуулганыг амжилттай зохион байгуулсан „Өүлэн эх“ - ЕМЭХ-ны тэргүүн Д. Амараа, xолбооны хамт олонд, мөн биднийг 2 өдрийн турш амтат хоолоор дайлж арын албаны ажлыг онц сайн хийж гүйцэтгэсэн тогооч Цэнгэл, өөр бусад тусалж дэмжсэн нэрийг нь мэдэхгүй ч зүс таних монгол, бельги эрчүүддээ, зохион байгуулагчдын гэр бүлийнхэнд бүгдэд нь гүнээ талархаж байгаагаа чуулганд оролцсон нийт бүсгүйчүүдийн өмнөөс илэрхийлье. 

Биднийгээ хоёр өдрийн турш Монголоор минь амьсгалуулсан "Хосоо & Трансмонголиа", "Аяз", "Нюанс", "Жамуух" хамтлагууддаа таларxал илэрхийлье. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

Эцэст нь чуулганд хүрэлцэн ирж чуулганы үйл ажиллагаанд идэвхитэй оролцож санаа бодлоо хуваалцан урам зориг өгсөн нийт бүсгүйчүүддээ маш их баярлаж талархсанаа бас хэлмээр байна.

Та бүхний минь ажил үйлс өөдрөг байж, эрүүл энх сайн сайхан байх болтугай. Дараагийн чуулга уулзалтанд амжилт бүтээл арвинтай, баяртай уулзахын ерөөл тавья.


...Барагдахаас наагуур болсон энэ Монгол улсаа
Барилдахаас цаагуур болж байж бүсгүйчүүд минь л авч үлдэнэ
Бас дээр нь эрчүүлээ авч үлдэнэ ... 

(Ц. Хулангийн "Хүүхнүүддээ унших шүлэг"-ээc)

Германаас ирсэн бүсгүйчүүдээ төлөөлөн мэдээг бэлтгэсэн: 
Оно Бату 
2015 оны 2 сарын 24