Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

ХБНГУ дахь монгол хүүxдүүдийн соёл, урлагийн анхдугаар наадaм амжилттай болж өнгөрлөө

Мюнхен хот дахь "Од" монгол сургуулийн санаачлагаар зохион байгуулагдсан “ХБНГУ дахь монгол хүүxдүүдийн урлаг спортын анхдугаар наадaм” 2016-03-31 – 2016-04-03-ны өдрүүдэд боллоо. Энэхүү арга хэмжээнд Герман Улсад монгол хэл, соёлын сургалт эрхэлж буй сургуулиудын сурагчид, багш, эцэг эхчүүдээс гадна нээлтийн ёслолд урилгаар Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул А.Питум, Монгол Улсаас Герман Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл хадагтай Ариунаа нар оролцов.

Оролцогч сургуулийн сурагчид урлагийн авъяасаа уралдуулж сурсан мэдсэнээ хүрэлцэн ирсэн зочиддоо толилууллаа. Авъяастнууд дундаас Соёл сургуулийн сурагч Ч. Билгүүн уран хэллэг, уншлагын чадвараараа онцгойлсон бол морин хуурч охин Мигел (Эрдэм сургууль), бяцхан дуучин Ц. Бөртжин (Соёл сургууль) нар тэргүүллээ.

Шатрын тэмцээнд нийт 28 хүүхэд оролцсоноос 11-16 насанд Г. Энхжин (Солонго сургууль), Ч. Билгүүн (Соёл сургууль), Н. Тэмүүжин (Майдар сургууль) нар тэргүүн байруудыг эзэлсэн бол, 6-10 насанд Г.Энхжин (Солонго сургууль), Тэмүүжин (Эрдэм сургууль), Б. Ананд (Аахен хотын сургууль) нар удаа дараа оноо тэнцсэнээр гурвуулаа нэгдүгээр байранд шалгарлаа.

Спорт буухай тэмцээнд хүчээрээ монгол сургуулиудын багууд эн тэнцүү, өрсөлдөөн ихтэй байсан ч Од сургууль 1 онооны давуугаар тэргүүн байранд орж цом хүртлээ.

Солонго сургуулийн багш, сурагчид "Үлгэрийн баатрууд монголд" жүжгээ тоглолоо.

Урлаг спортын өдрүүдээр хамт байсан 5 монгол сургуулийн 65 хүүхэд, 15 багш, 70 гаруй эцэг эхүүдэд бидний ажлыг дэмжин идэвхтэй оролцсонд туйлын их баярлаж талархсанаа Од сургуулийн хамт олон хүргэж байгааг хүлээн авна уу.

Дашрамд дурдахад, монгол хүүхдүүдийн урлаг спортын наадмыг зохиохын хажуугаар эх орон, соёл заншлаа сурталчлах зорилгоор “Монголын соёлын өдрүүд Мюнхенд” нэртэй арга хэмжээг 2016 оны 3 сарын 31нээс 4 сарын 3ныг дуустал зохион явууллаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Од сургуулийн эцэг эхүүдээс гадна Мюнхен хот дахь монголчууд гар бие оролцсоныг дурдах нь зүйтэй бизээ.

“Холын Монгол орныг ойрхноос“ номын уншлага зураг, дуу хөгжмийн хамт, П. Гангаамаа

“Монголын шашин“ – лекц, Филип Куаркоо

Монгол зураг, Н. Баттулга

Б. Yйзэнмаа, З. Анни, Д. Бямбасурэн нарын баримтат болон хүүxдийн кинонууд шагай харвалт, морин хуур, хөөмийн хичээл явагдлаа.

Уг ажиллагаанд идэвхтэй оролцсон Мюнхенчүүддээ баярлалаа!

Мюнхен хот дахь "Од" монгол сургууль