Drucken
Hauptkategorie: Blog Articles

"СУУГУУЛ НУТГААС УУГУУЛ НУТАГТАА - II" чуулга уулзалтыг "Германд суурьшсан Монголчуудын хоёр дахь үе" сэдвийн дор Берлин хотноо 2015 оны 5 сарын 21-нд Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны ивээл дор, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвийн  (CIM/OУШХХТ ) дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь оюутан залуус төдийгүй гадаадад эцэг эхээ дагаж ирээд төрж, өсөж хүмүүжиж буй залуу үед чиглэсэнээр онцлогтой болов. 

 

Diaspora Forum II буюу хилийн чанад дахь Монголчуудын шинэ үе давхаргад зориулсан арга хэмжээний зорилго нь тэднийг уугуул эх орны талаар эерэг мэдээлэл олгох төдийгүй хөх толбот Монгол хүн гэдэг хувь заяаны тохиолоор хаана өсөж хүн болох нь хамаагүй ч хүйн холбоотой эх нутаг гэдэг бол салшгүй бөгөөд олдошгүй баялаг, бахархал шүү гэдгийг өдөөж өгөх, хаана амьдарч буйгаас үл хамааран эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр, боломжуудын талаар мэдээлэл хүргэх, хөгжлийн хамтын ажиллагаанд татан оролцуулах, ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн боломжууд болон тэдний сэтгэлгээний онцлогийг  тодотгон гаргах талаар тусгах явдал байв.

Арга хэмжээний хамтран зохион байгуулалт, ивээн тэтгэгч Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төвөөс оюутнууд, залууст зориулсан хөтөлбөр, санал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн боломжуудаа танилцуулсан нь залуучуудын хамгийн ихээр сонирхосон сэдвийн нэг байлаа.

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа, мэргэжилтэн Б.Нарангарав нар хүрэлцэн ирж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнүүд, Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлаар илтгэл тавив.

Илтгэлчээр оролцсон Залуучуудын илтгэл онцлог, шинэ дөр төрхийг харуулсан, хэрэгцээт мэдээлэл төдийгүй Германд байгаа хүүхдүүдэд үлгэр дууриал болон жишээ харуулав. 

Чуулганаар олон хотуудаас нийт 100 гаран залуус хуран цуглаж "Би хэн бэ, миний эх нутаг хаана бэ?", "Гадаадад суурьшсан Монголчуудын нэгдсэн сонирхол, үйл ажиллагаа" сэдвээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ийм төрлийн арга хэмжээ залуусын дунд их дутагдаж буй нь харагдлаа. Монгол хэлээ сайн сурах ёстой гэдгийг олон хүн хэлж байсан талаар залуучууд өгүүлж байсан боловч Монголд цаашид ажиллаж амьдрах, хамтран ажиллахад Монгол хэлээ сайн мэдэхгүй байх нь хүндрэл үүсгэх тул одооноос суурь болж өгөх юм хэмээн бид үзэж байна. Зарим оролцогч нар маань Монголоор төдийлөн гүйцэд ойлгож чадахгүй байсантай холбоотой гол хэрэгцээтэй мэдээллүүдийг клубын зүгээс орчуулга хийн дэлгэрэнгүй тайлангаар хүргэх болно.

Хилийн чанадад өсөж буй Монголчуудын шинэ үе давхрагын хувьд Монгол нутаг нь хоёр дахь эх орон шиг болж буй бөгөөд ойлголцол, сэтгэхүйн маш том ялгаа бий үүсдэг төдийгүй би монгол хүн гэдгээ мэддэг боловч аажмаар улам бүр төдийлөн Монголоо сонирхдоггүй, мэддэггүй болох аюул нүүрлэж байгаа энэ үед цаг үеэ олсон ажил боллоо.

Оролцогч залуус маань танилцан нөхөрлөж, “Би Монгол хүн” гэдэг мэдрэмж улам их төрсөн, Герман дахь Монгол залуу үеийн холбоо үүсгэн ажиллахаар болж буйгаа бидэнд ирүүлсэн мэдээгээр энэхүү товч тайлангаа өндөрлөе. Арга хэмжээний дэлгэрэнгүй дүгнэлт, мэдээлэл, илтгэлүүд удахгүй манай сайтад тавигдана.

Хамтран ажилласан, дэмжиж оролцсон ТББ-ууд, санал бодлоо ирүүлж зөвлөсөн хүмүүстээ талархал илэрхийлье.

Мөн тал талаасаа маш идэвхтэй дэмжиж  ажиллаж, гар бие оролцсон клубын хамт олондоо болон Олон улсын шилжилт хөдөлгөөний төвийн хамт олон, ЭСЯ-ны хамт олонд клубын нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж байна.

Монгол Германы эдийн засгийн клуб