A A A

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр хилийн чанадад суугаа монголчууддаа гэртээ, үр хүүхдүүдтэйгээ дан эх хэлээрээ ярьцгаахыг уриалж байна.

 

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би

 

 

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт

Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

 

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн

Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан

Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм

 

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь

Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр

Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн

Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би

 

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь

Хурц авьяаст хөвгүүд дүү нар

Халуун элэгтэн хотлоор

Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж

Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

 

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би

 

Бямбын Ринчин – Монгол хэл [шүлэг]