A A A

Монголын шагайн харвааны ХБНГУ дахь Хийморь салбар холбооны зохион байгуулсан „Монгол шагайн харвааны Германы цом“-ын төлөөх анхдугаар тэмцээн Соонэнматтэ амралтын газар амжилттай болж өнгөрлөө.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол шагайн харвааны тус тэмцээнд Герман, Франц, Бельги, Чех, Швецари, Швед, Англи, Польш орнуудаас 17 баг, 110 гарам шагайчид цуглан цэц мэргэнээ сорин өрсөлдсөний дунд Монгол улсын үлэмж дархан мэргэн Ю.Мөнхтөр, Дархан мэргэн Б.Баатарбат, Гарамгай мэргэн М.Энхболд, Монгол улсын хошой мэргэн Б.Батхуяг, Г. Хишигсүрэн, н.Эрдэнэбат, Монгол улсын мэргэн Г.Чүлтэмбаяр болон аймгийн цолтой 5 мэргэн оролцсон нь тус тэмцээний чансааг өндөрсгөн харуулж байлаа.

Хоёр өдрийн турш өрсөлдөөнтэй явагдаж дууссан тус тэмцээнд Б.Жаргалсайхан ахлагчтай Чехын баг түрүүлэн Цом, алтан медаль, мөнгөн шагнал, МУ-ын аймгийн гоц мэргэн С.Эндгэрэл ахлагчтай Шведын баг удаалж мөнгөн медаль, мөнгөн шагнал, Ч.Мөнх-Отгон ахлагчтай Бельгийн баг гурвалж хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Мөн цуваа харваан төрөлд МУ-ын хошой мэргэн Г.Хишигсүрэн 20 сумнаас 19 онож түрүүлэн МУ-ын Харьшгүй мэргэн Д.Болдбаатарын нэрэмжит цом, алтан медаль, мөнгөн шагнал, МУ-ын аймгийн гоц мэргэн Д.Болдхуяг 18 онож мөнгөн медаль, мөнгөн шагнал, МУ-ын мэргэн Ё.Чүлтэмбаяр 17 онож хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. Монгол шагайн харваан дүрмийн дагуу 60 аас дээш насны ахмад харваачдын дунд хавчаахай буутай харваачдын дунд явуулсан тэмцээнд Чех улсаас ирсэн Б.Жаргалсайхан түрүүллээ.

Тэмцээнийг нээж язгуур урлагаар эх орноо гадаадад амжилттай сурталчилж буй Сэда хамтлаг урлагийн тоглолт хийлээ. Хийморь холбооны зохион байгуулсан „Монгол шагайн харвааны Германы цом“-ын төлөөх анхдугаар тэмцээнийг Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Герман дахь Монгол академчидын холбоо, Mongolei Shop - Монгол дэлгүүр, Бонн хот дахь Монгол төв, ХБНГУ дахь ТББ- ын зөвлөл, Монголын найзууд ТББ, Мюнхен хотын " Од" сургууль, Ж.Мөнхжаргал, Б.Энхтүвшин, Д.Цогбадрах болон бусад хувь хүмүүс ивээн тэтгэж оролцжээ.

Европын шагайн түүхэнд анх удаа ийм олон баг нэгдэж, эвтэй найртай, ёс жудагтай, улсын, аймгийн цол хэргэмтэй олон харваачид хүрэлцэн ирж чансаа өндөр тэмцээн болж өнгөрсөнөөс дүгнэхэд шагайн спорт Европт хир тархацтай хөгжиж байгаа нь харагдаж байна.

Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс Монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг давуу талтай билээ.

Та бүхний хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.

Монголын шагайн харвааны ХБНГУ дахь Хийморь салбар холбоо

Зургийн цомог үзэх