Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хүлээн авалтын нээлтийн үеэр Элчин сайд Д.Ганбатын хэлсэн үг

Эрхэмсэг ноён Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке ээ, Эрхэмсэг ноён Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Х.И.Фухтел ээ, Эрхэмсэг ноён Бундестагийн гишүүн, Холбооны Бундестагийн Төв Азийн Парламентын бүлгийн дарга Манфред Грунд ээ, Эрхэмсэг ноён УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы Парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва аа, Эрхэмсэг хатагтай ноёд оо, Монголын анд нөхөд, найз нар аа,

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хүлээн авалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж тавтай морилохыг хүсье.

Монгол Улс 30 жилийн өмнө ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн тогтолцоонд шилжих замыг эргэлт буцалтгүй сонгосон тэр цагаас хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжсөөр байна. 1990 оноос эхлэн ХБНГУ ардчилсан улсууд дотроос харамгүй тусламж, дэмжлэг үзүүлж эхэлсэн анхны улсуудын нэг нь гэдгийг монголчууд ямагт санаж, хүндлэж байдаг. Энэхүү тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн тогтолцоонд шилжих хүнд хэцүү үеийг даван туулах, Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр өнөөдөр ч оруулсаар байгаад бид гүнээ талархаж буйг энэ өдөр хэлмээр байна.

Та энд дарж манай файсбоок хуудаснаас 45 жилийн ойн арга хэмжээний Зураг үзнэ үү

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 45 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоосноос хойш бидний харилцаа тасралтгүй урагшилж, эдүүгээ хоёр ард түмний нийтлэг эрх ашиг, нэгдмэл үнэт зүйлс, харилцан итгэлцэлд тулгуурлан Иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Монгол Улс руу чиглэсэн ХБНГУ-ын хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт нэмэгдсээр байна. Тухайлбал, Сайншандад 50 МВ хүчин чадалтай, 46 сая евроны өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний нарны станц, МАК компани 360 сая евроны хөрөнгө оруулалтаар жилд 1000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, мөн барилгын хана дүүргэлтийн 60 сая евроны өртөгтэй хөнгөн бетоны үйлдвэрийг бариад байна. Монгол, Германы харилцааны ирээдүйг чиглэсэн бодит жишээний нэг бол Ашигт малтмал, технологийн хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Герман-Монголын хамтарсан Технологийн их сургууль юм. Уг сургууль анхны төгсөлтөө өнгөрсөн онд амжилттай хийлээ.

Хоёр талын харилцааны бас нэгэн чухал тулгуур салбарын нэг бол Батлан хамгаалахын харилцаа гэж бид үздэг. Афганистан Улсад хоёр орны цэргүүд мөр зэрэгцэн энхийг тогтоох үйлсийн төлөө „Шийдвэртэй дэмжлэг“ хамтарсан цэргийн ажиллагаанд оролцон, үүргээ онцгой сайн биелүүлж байгааг энд мөн тэмдэглэхийг хүсч байна.

Хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, археологийн салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөөр байна. Монгол Улсын ШУА, Германы Археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын археологийн судалгааны ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд 2000 оноос хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор амжилттай хэрэгжиж буйг Та бүхэн бэлхнээ мэдэж буй заа. Германы улс төрийн сангууд болох Конрад Аденауэрын сан, Фрийдрих Эбертийн сан, Ханнс-Зайделийн зэрэг сангууд Монгол Улсад тэртээх 90-ээд оны үеэс эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Эдгээр нь Монгол Улсад хууль тогтоох байгууллага, засаг захиргаа, иргэний нийгмийн төлөвшүүлэх болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь оруулсаар байгааг мөн дурдахыг хүсч байна.

Манай хоёр улс нэг нэгнийгээ олон талт хамтын ажиллагааны, тэр дундаа НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан дэмжиж, амжилттай хамтран ажиллаж ирлээ. Энэ ялдамд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2019/2020 онд сонгогдон, өндөр хариуцлагатай үүргийг 6 дахь удаагаа хүлээн авсантай холбогдуулан баяр хүргэхийг хүсч байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Байнгын бус гишүүний ажил, үүргээ амжилттай биелүүлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Эрхэмсэг хатагтай ноёд оо, Элчин сайдын яамны хувьд бид бүтэн жилийн турш 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Улс төр, эдийн засаг, түүх соёл, урлаг, спорт гээд олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. 45 жилийн ой тохиож буй 2019 оны эхний сард л гэхэд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол-Германы Засгийн газар хоорондын монголын хэсгийн дарга Д.Сумъяабазар герман түншүүдтэйгээ үр дүнтэй яриа, хэлэлцээ хийгээд буцлаа. Бид Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарыг энэ онд ХБНГУ-д айлчлуулахаар герман нөхөдтэйгээ ярилцаж байна. Германы талаас ч мөн энэ онд айлчлалууд хэрэгжихээр яригдаж байна. Ирэх 4 дүгээр сард Улаанбаатар хотноо Гетё институтын 10 жилийн ой болох бөгөөд энэ үеэр Соёлын бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтыг хийхээр бид ажиллаж байна. Залгаад Монгол, Германы Улсын Засгийн газар хоорондын Ажлын хэсэг болон Эдийн засгийн хорооны хуралдаан, мөн түүнчлэн улс төр, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалтууд хийгээдэнэ.

Бид хоёр орны харилцан ашигтай Иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны ард түмний сайн сайхны төлөө Стратегийн түншлэлийн шинэ шатанд гарган хөгжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс нь ХБНГУ-ын Ази тив дэх найдвартай түнш, итгэлтэй анд нөхөр байсаар байх болно. ХБНГУ бол Монгол Улсын хувьд гуравдагч хөрш бөгөөд Европын Холбоон дахь чухал, гол түнш гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Өнөөдрийн хүлээн авалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Өргөмжит консул, Соёлын элч нар, пүүс компаниудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Энд хуран цугласан хатагтай ноёд Та бүхэнд 2019 онд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа!