Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

ХБНГУ-д ажлын айлчлал хийж буй МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо “Монгол, Германы эдийн засгийн клуб” ТББ-т зочилж тус байгууллагын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтад оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ХБНГУ болон европын бусад оронтой эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцов.

Герман улстай бүх талын харилцааг хөгжүүлж, техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар тус улсаар дамжин Европын Холбооны бусад улс оронтой харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгоор хамтран ажиллах боломж буйг уулзалтад оролцогчид илэрхийлж байлаа. Энэ үйлсэд Герман улсад амьдарч, ажиллаж буй иргэдийн эх орноо гэсэн сэтгэл, зүтгэл, эзэмшсэн мэргэжил, мэдлэгийг бүрэн ашиглахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ. 

 

Дээр дурдсан зорилго, зорилтын хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, “Монгол Германы эдийн засгийн клуб” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэцогт нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны бодит эхлэл болгож Берлин хотноо “Худалдааг дэмжих төв” байгуулахад хоёр тал хүчин чармайлт гарган ажиллахаар болов. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд худалдаа, эдийн засгийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үйлсэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудыг ийнхүү татан оролцуулж байна.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монголын Худалдааг дэмжих төсөл”-ийн Хувийн хэвшлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Карл Круг нар байлцав.

via Botschaft der Mongolei