Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Уран бүтээлч Жамсрангийн Ганболдын орчин үеийн хэв загвар бүхий монгол мебелийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн оны 12 дугаар сард ХБНГУ-ын Штуттгарт хотноо зохион байгуулагдав.

Уг үзэсгэлэн худалдаагаар үндэсний хээ угалзыг орчин үеийн хийц загвартай хослуулсан ширээ, авдар, шүүгээ, шатрын ширээ гээд нийтдээ 20 гаруй бүтээл, монгол баатар, хаан, хатан, цамын баг, байгалийн зэрэг 10 орчим зураг, мөн хуучин мебелийг сэргээн засварлаж, монгол хээ угалзаар чимэглэн амилуулсан бүтээлүүдийг танилцуулжээ. Тухайлбал, Ikea брендийн хуучин ширээг төмрөөр бөгжлөн, монгол хээгээр чимэглэн будсан нь герман үзэгчдэд илүүтэй таалагдаж, хамгийн түрүүнд худалдаалагдан, дахин захиалжээ.

 

Үзэсгэлэн 3 өдөр үргэлжилж Мюнхен, Тюбингэн, Ройтлингэн, Нюрнберг хотын монголчууд болон германчууд нийт 300 гаруй зочид үзэж сонирхожээ.

Ж.Ганболд нь жүжигчин мэргэжилтэй, Герман Улсад ажиллаж амьдардаг бөгөөд 2010 оноос “МХВau” барилгын дотор заслын хувийн компанийг ажиллуулж байна. Мөн тэрбээр Штуттгарт хот дахь “Монгол Академичдын Холбоо” ТББ-ын идэвхитэй гишүүн бөгөөд тус холбооны дэргэдэх монгол хэл, соёлын “Солонго” сургуулийн хүүхдүүдэд мэргэжлийнхээ дагуу жүжгийн сургалтыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуултай хамтран явуулж, “Үлгэрийн баатрууд Монголд” хүүхдийн жүжгийг герман, монгол хэл дээр тайзнаа тавьж байсан уран бүтээлч юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 017632296048 дугаарын утсаар авна уу.