Drucken
Hauptkategorie: Blog Articles

ХБНГУ-ын Бавари Мужийн орон нутгийн сонгууль нь 6 жилийн зайтайгаар явагддаг. Энэ удаагийн 2020 оны 3 сард болж өнгөрч буй Бавари мужийн орон нутгийн сонгуулиар МУ-ын иргэн Г. Очмаа Ochmaa Göbel Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грэйфелфинг хотын “Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр” сонгогдож Германы улс төрд анхны “Мандат” авсан Монгол хүн боллоо.

Анхны гэдгийн уншигчдад тодруулах үүднээс тайлбарлавал Германы орон нутгийн сонгуулийг Германаар Коммуналвал (Kommunalwahl) гэж нэрлэдэг ба орон нутгийн сонгууль 6 жилийн зайтай болдог байна. Тус сургуулиар сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчийг Gemeinderat/rätin гэж нэрлэнэ.

Бавари мужид аливаа хот, тосгоны иргэдийн хурлын төлөөлөгч тухайн хот болон тосгондоо ард иргэдээс сонгогдсоныхоо дараа тухайн засаг дарга нь хүлээн авч тангараг өргүүлээд түүний дараа иргэдийн Хурлын төлөөлөгчдийгөө вебсайтдаа ил тод тавьж өгдөг байна.

 

Грэйфилфинг хот нь 14’000 мянган хүн амтай. Энэ сонгуульд тухайн газарт нийт 6 намын FDP, IGG, BVGL, SPD, Gruene, CSU намуудаас тус бүр 24 хүн “Иргэдийн Хуралд” нэр дэвшиж нийт 144 хүн хүн өрсөлдсөнөөс Г.Очмаа ард иргэдээс 3380 хүний санал авч засаг даргын дараа оноогоороо эрэмбэлэгджээ.

Г. Очмаа нь Улаанбаатар хотод айлын 5 хүүхдийн отгон охин болж төрж, өсжээ. Тэрээр ерөнхий боловсролын 31-р дунд сургууль дүүргэж, МУИС-Олон улсын Харилцааны Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон ХБНГУ-ын Мюнхен хотод магистрын зэрэг хамгаалжээ. Их Сургуулиа төгсөөд “ Шмидбауер” компанид маркетингийн хэлтэст ажиллаж байгаад одоо “ Фрайштаат” компанид худалдаа, эдийн засгийн албанд бичиг хэргийн ажилтнаар ажилладаг байна.

Дашрамд дурдахад Очмаагийн гэр бүлийн хүн Кристоф Гөбел энэ удаагийн 2020 оны Бавари мужийн орон нутгийн сонгуульд 2 дахь удаагаа Мюнхений тойргийн захирагчийн сонгуульд өрсөлдөж дахин ялснаар гэр бүлийн хоёр хариуцлагатай албанд сонгогдож ажиллаж байгаа нь өвөрмөц тохиолдол боллоо.

Очмаа 2019 оны хавраас өөрийн амьдарч буй хотынхоо ЦСҮ намын “Эмэгтэйчүүдийн Холбоо"-ны тэргүүн, мөн ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын нэг болох “Герман-Монголын нийгэмлэг"-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй бөгөөд МУ-ынхаа урлаг, соёл болон хүмүүнлэгийн салбарт төсөл хэрэгжүүлэн Монголынхоо соёл, ёс заншлыг Герман улсад сурталчилан ажиллаж буй ажээ.

Ийнхүү Монголчуудынхаа түүчээ болж суугаа орныхоо төр нийгмийн үйл хэрэгт гар бие, оюун санаагаараа хувь нэмрээ оруулахын сацуу Монгол эх орныхоо хөгжилд санаа тавин оролцож явдаг Хилийн чанад дахь манлайлагч Монголчуудын төлөөлөл Очмаадаа цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт Германд суугаа болон нийт Монголчуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.