Drucken

Хилийн чанадад суугаа Монголчууд дотор ажил хөдөлмөрийн мөр хөөж тэр бүр зорьсон мэргэжлийн сургуульдаа орж чадахгүй иргэд байдаг билээ. Харин танд эх хэлээрээ, алсын сургалтаар боловсрол эзэмших боломжийг Санхүү эдийн засгийн дээд сургууль санал болгож буйг та бүхний сонорт хүргэж байна.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ЦАХИМ УХААЛАГ ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

 

2015-2016 оны хичээлийн жилд тус сургуулийн Бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөрт эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэдийг доорх мэргэжлээр элсүүлнэ. Үүнд:

Нягтлан бодох бүртгэл

Санхүү

Бизнесийн удирдлага

СЭЗДС-ийн Захирал Д.Батжаргалтай хийсэн ярилцлага -

Сайн байна уу, танай сургууль энэ хичээлийн жилээс онлайнаар суралцах боломжийг гадаадад ажиллаж, амьдарч сурч буй Монголчууддаа зориулан Монголдоо анхлан санаачилж гаргаж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулна уу.

- СЭЗДС нь цаг үетэйгээ хөл нийлүүлж, дээд боловсролын салбарт шинэлэг санаачлагуудыг гарган бусад их дээд сургуулиудаа үлгэрлэн дагуулж ажиллахыг хичээж ирсэн. Үүний нэг жишээ бол гадаадад сурч ажиллаж буй Монголчууд төдийгүй хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэд, гэртээ хүүхдээ асарч буй ээж нар гэх мэтчилэн өнөөгийн нийгэмд цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрийгөө улам боловсруулан, хөгжүүлэх хүсэлтэй бүх л хүмүүст зориулан гаргаж байгаа шинэ хөтөлбөр юм. Гол нь өнөөгийн маш хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлж, дэлхийн хүн болоход цаг хугацаа, орон зайд баригдалгүй урагшаа алхах боломжийг бид нар олгохыг зорьж байна. Дэлхий хавтгай болсон энэ үед манай сургуулийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг хүссэн үедээ, ажил, сургуулийнхаа хажуугаар суралцан олж авах боломжтой болж байгаагаас гадна гадаадад ажиллаж буй иргэд маань эргэж Монголдоо ирэхэд ихээхэн ач холбогдолтой хөтөлбөр гэж харж байна л даа. Учир нь өнөөдөр тэд нар маань эх нутгаасаа гараад олон жил болчихсон, амьдралын төлөө гэж зүтгэсээр байгаад өөрсдөө ч тэндээ сурах цаг байхгүй эргэж ирдэг, эргээд ирэхэд маш олон бэрхшээлүүдтэй тулгарч байгаа нь ажиглагдаж байна. Юуны өмнө буцаж ирэхэд нь ажлын байраар хангагдах баталгаа байхгүй, бизнес эхлэх гэхээр Монголын “онцлог” байдлыг сайн мэдэхгүй зэргээс болж амжилт гаргах нь цөөн байна ч гэдэг юмуу зөндөө асуудлууд үүссэнээс болж буцаж явах, нөгөө сурсан мэдсэнээ ашиглан хийж бүтээх гэсэн их сайхан хүсэл эрмэлзэл нь унтраад, өөрийгөө орчноос гадуурхагдсан мэтээр хүлээж авах асуудлууд зөндөө харагддаг.

- Ямар шаардлагууд хангасан оюутан, ямар мэргэжлээр суралцах боломжтой вэ?

- Энэхүү хөтөлбөр нь 3,5-аас доошгүй жилийн сургалттай их дээд сургууль, техникум, коллеж төгссөн, бакалаврын болон дипломын боловсролтой хүмүүст зориулсан хөтөлбөр юм. Нийт 2,5 жил суралцах бөгөөд Бизнесийн удирдлага, Санхүү, Нягтлан бодох бүртгэл гэсэн мэргэжлүүдээр элсэлт авч байгаа бөгөөд сургалтын хувьд онол гэхээсээ илүүтэйгээр амьдралын туршдаа цуглуулсан тэрхүү “нөү-хау”-г нь хэрхэн бодитоор ашиглахад нь бид мэргэжлийн түвшинд аваачих уу гэдгийг илүүтэй дэмжиж өгөхийг зориод байгаа юм. Тэгэхээр энэхүү хөтөлбөрт суралцагч маань Монголдоо буцаж ирээд би юу хийх вэ, юу хийж чадах вэ гэдгээ сайн бодож төлөвлөсний үндсэн дээр олон улсын стандартад нийцсэн төсөл боловсруулж, түүнийгээ хамгаалж байж амжилттай төгсөх онцлогтой. Тэгэхээр тэр хүн буцаж ирэхэд хийх ажил нь тодорхой, зорилготой, магадгүй гадаадад байхдаа хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч нараа хайгаад олсон байх боломжтой гэсэн үг. Энэ нь ч илүү амьдралд ойр, ганц мэдлэг олж авах биш түүнийгээ бодит болгон амьдралдаа ашиглах боломжийг олгож байгаа учир олон хүнд хэрэгтэй сургалт болж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн гадаад улс орнуудад буй монгол иргэд болон суралцаж буй оюутнуудын хувьд давхар мэргэжлийн зэрэг авах боломж нээгдэж байгаа бөгөөд хэлний бэрхшээл, соёл нийгэм орчны ялгаанаас үүдсэн асуудлуудыг манай сургалтанд сууснаар эх хэл дээрээ давхар бататгаж судлах, монголын бизнесийн орчны кейс, онцлогуудыг судлаж, харьцуулалт хийн ажлын карьераа эртнээс төлөвлөж, бэлдэх боломжийг олгож байна. Гадаад улс орнуудад ажиллаж, сурч буй иргэдийн хувьд Монголын орчин нөхцөлөөс өөр орчинд ажиллаж сурах нь зарим тохиолдолд ойлголтын зөрүү үүсэх, орчноо дутуу үнэлэх, суралцахад зарим мэргэжлийн хүндрэл үүсдэг асуудлыг шийдэх боломж юм.

- Онлайнаар суралцах, цахимаар суралцах гэдэг Монголчуудын хувьд их шинэлэг. Танхимаар сурахаас юугаараа давуу бол? Суралцахад юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Яг үнэн л дээ, ер нь Монголын дээд боловсролын системд цахим хэлбэрээр суралцах энэ сургалт бол бараг анхдагч гэж хэлж болно. Цахим сургалт сүүлийн үед олонтаа хэлцэгдэн, яригдаж, туршигдан улмаар танхимын сургалтыг гүйцээн баяжуулсан, ирээдүйд баримжаалсан сургалтын орчин үеийн арга хэлбэр болон зөвшөөрөгдөж эхлээд байгаа. Манай өнөөгийн хурдацтай өрнөж буй нийгмийн хурд, ажлын ачаалал, их хотын түгжрэл, ажлын орчинд ашиглаж буй цахим хэрэгслийн хөгжил зэрэг нь цахим, холимог сургалтын хэрэгцээг бий болгож байгаа. Сүүлийн үед багшийн үүрэг нь мэдлэг мэдээллийг түгээгч биш харин сургалтын үйл явцыг зохицуулагч болон хувирч, сургалт нь суралцагч төвтэй, суралцагч өөрөө мэдлэг бүтээгч болж өөрчлөгдөөд байна. Цахим сургалтын хувьд виртуаль анги үүсгээд, багш, оюутнууд дэлхийн аль ч өнцгөөс багш болон ангийн хамт олонтойгоо ухаалаг утас, компьютер зэргээ ашиглаад хоорондоо харилцан, суралцах замаар явагддаг. Оюутнууд өөрсдөө суралцах төлөвлөгөөгөө гарган, өдөр бүр онлайн хичээлээ унших, үзэх, дасгал ажил хийх, тест бөглөх, даалгавар, бие даалтаа хийх, суралцаж буй явцыг эргэж харах зэрэг ажлуудаас гадна 2 долоо хоног бүр, голчлон амралтын өдөр багштайгаа амьд уулзалт, чат, хэлэлцүүлэг семинарыг хийн сурснаа батжуулан явдаг байгаа. Манай сургалтын онцлог нь холимог хэлбэртэй явагдах бөгөөд энэ нь цахим сургалт ба танхимын сургалтыг хослуулан хэрэгжүүлэх замаар сургалтыг амжилттай зохион байгуулахыг хэлж байгаа юм. Бид олон улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг Сургалтын удирдлагын систем болох Мүүдль /Moodle/ системийг сургалтандаа ашигладаг. Энэ системийг ашиглан маш олон сувгаар мэдлэгийг авах, багштай амьд харилцаа үүсгэх боломжтой болдог. Тухайлбал, хэлэлцүүлэг семинар, чат, имэйл зэргээр байнгын харилцаа холбоотой байхаас гадна холбогдох тоног төхөөрөмжийн туслажтайгаар шууд видео хурал хийх, видео семинар хийх аргуудыг ашиглаж байна. Цахимаар амжилттай суралцахын тулд гол нь биеэ дайчлан ажиллах хэрэгтэй. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмшүүлэхийн тулд багш нарын зүгээс нилээн ачаалалтай ажиллахыг шахдаг. Гэхдээ суралцагч төлөвлөгөөтэй ажиллаж, суралцах дадал хэвшлийг өөртөө төлөвшүүлэх явдал их чухал. Өдөр бүр тодорхой цагийг жигд суралцахад зориулаад явахад тийм ч хэцүү зүйл байхгүй. Манай цахим сургалтын аппликейшн байгаа учир өглөө, оройдоо ажилдаа ирж очихдоо, унтахын өмнө ч видео хичээлээ ухаалаг утас, таблет ашиглаад үзээд байж болно.

- СЭЗДС их сургууль болох том зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна ойрын хугацааны төлөвлөгөөнд тодорхой тусгагдсан шинэлэг санаа байгаа юу?

- Сүүлийн үед дэлхий дахинаа евро азийн эдийн засгийн интеграци, хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа идэвхижиж, томоохон төсөл хөтөлбөрүүд батлагдан хэрэгжих шатандаа орж байна. Энд БНХАУ, ОХУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн үүсгэн байгуулсан евро-азийн дэд бүтцийг хөгжүүлэх, санхүүжүүлэх үндсэн үүрэгтэй банк санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж байгаа явдал, БНХАУ-ын “торгоны зам” хөтөлбөр, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний томоохон төслүүдийг жишээ болгон дурьдаж болох юм. Энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд тухайн бүс нутгийн мэргэжилтэй боловсон хүчнийг олон улсын чанарын стандартад нийцсэн, харилцан хүлээн зөвшөөрөгдсөн, уян хатан ухаалаг зайны сургалтыг нэвтрүүлэх явдал чухал ач холбогдолтой болж байна. Их сургуулийн уламжлалт сургалтын арга зүйгээр, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхэд цаг хугацаа алдах, сунжрах, өртгийн хувьд өндөр, тиймээс хүртээмжийн хувьд тааруу байхаар байна. Иймээс ухаалаг зайны сургалтыг богино хугацаанд хамтын хүчээр, харилцан ашигтай, суралцагсадад хүртээмжтэй, хямд байхаар зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр болжээ. Энэхүү хэрэгцээ шаардлагыг ухамсарлан мэдэрч, цаг алдалгүй үр ашигтай, уян хатан зохион байгуулалтаар өөр өөрийн хүрсэн нөөцдөө тулгуурлан шийдвэрлэхээр хүсэл зорилгоо нэгтгэн, цаг үеийн дуудлагыг хүлээн авч, сорилтыг даван туулахаар СЭЗДС-ийн санаачлагаар "Ухаалаг зайны сургалттай их дээд сургуулиудын холбоо”-г АНУ, Щвейцарь, ОХУ, БНХАУ, Тайвань, Солонгос гэх мэт дэлхийн 10 орны 18 их дээд сургуультай хамтран "Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зуран ажиллаж байна. Ингэснээр өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан орчин цагийн цахим, ухаалаг технологийг ашиглан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар цаг хугацаа өртгийг хэмнэн, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрүүдийг өргөн хүрээтэй, хүртээмжтэйгээр дэлхийн олон орны оюутнуудад хүргэх боломж бүрдэж байна. Юуны өмнө ОХУ болон БНХАУ-д амьдарч буй Монгол үндэстэн болох Тува, Казах, Алтай, Шинжиан уйгарын оюутнуудад өөрсдийн хөтөлбөрүүдийг Цахим ухаалаг хэлбэрээр хүргэхээр ажиллаж байна.

Цахим сургалтын төвөөс явуулж буй сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим бүртгэлийн мэдээллийг www.admissions.ife.edu.mn хуудсаар болон Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! электрон шуудангаар болон сошл хэлбэрээр СЭЗДС Цахим ухаалаг хөтөлбөр хуудсаар авах боломжтой.

Холбогдох хаяг: 13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗДС С- байр 101 тоот Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-70008079 -

Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.