Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Герман улсын хувьд сүүлийн хоногуудад корона вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн буюу 4 дүгээр сарын 3 - ний байдлаар Жонс Хопкинс хүрээлэнгийн мэдэгдсэнээр нийт 89.126 иргэн халдвар авсан хэдий ч бүрэн эдгэрсэн хүний тоо 13.597 хүрсэн сайн мэдээтэй байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари болон Умард Райн-Вестфален, Баден-Вюртемберг эзэлж байгаа хэвээр байна.

Амралтын болон хорио цээртэй өдрүүдийг үр ашигтай өнгөрүүлж буй туршлагуудыг нэгтгэвэл 

 

- Гэртээ спорт гимнастик хийх

- Уншиж амжаагүй хойш тавьсан номоо дуусгах

- Цахим орчинд ихээр тавигдаж буй Онлайн хичээлүүдээр дамжуулан мэдлэгээ дээшлүүлэх, гадаад хэлээ сайжруулах, шинэ хэл сурах

- Онлайн ном, музей үзвэрийн газруудаар зочлон танин мэдэхүйгээ хөгжүүлэх

- Улсынхаа түүх, соёлыг гэр орондоо үр хүүхдүүддээ харилцан ярилцаж сурган хүмүүжүүлэх

- Витаминаар баялаг зүйлээр амтлаг хоол хийж дархлаагаа сайжруулах

- Ялгаж амжаагүй аялалын дурсамж зургуудаа цэгцлэх

- Урин хавар, зуныг угтаж гэртээ их цэвэрлэгээ хийх

- Өдрийн тэмдэглэл хөтөлж эхлэх

- Гэртээ хийхээр төлөвлөсөн засварын ажлаа хийх

- Тамхинаас гарах

- Удаан уулзаагүй гэр бүл, хамаатантайгаа утсаар ярих

- Шинэ зүйл сурах / хөгжим тоглох

- Зүгээр л юу ч хийхгүй сайхан чөлөөтөй суух

зэрэг тэргүүлж байна.

 

Харин ард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 72 хувь нь одоогийн хэрэгжиж байгаа өндөржүүлсэн хорио цээрийн дэглэмийг зөв зүйтэй төдийгүй нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж буй төдийгүй түүнээс 28 хувь нь илүү чангатгах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

 

Судалгаанд хамрагдсан 20 мянган иргэдийн 18 хувьд үүсээд байгаа нөхцөл байдал өдөр тутмын амьдралд айдас үүсгэж байна хэмээсэн бол үлдсэн хувь нь энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн доголдол үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ бөгөөд холбогдох журмыг дагаж мөрдөхөд тусгай нэмэлт хуулийн зохицуулалт хэрэггүй хэмээжээ.

 

Герман улсын хувьд энэхүү вирусын тархалтаас сэргийлэх үүднээс онц байдал зарлах нь Европын бусад улсуудаас илүү онцлог бүхий хүний суурь эрх чөлөөг хамгаалсан үндсэн хуулийн заалтууд болон онц байдлын тухай хуулийн заалтуудаас хамааран зөрчил үүсэх талаар хуульчид ихээр анхааруулж байна. Тиймээс улс даяар хөл хорио тогтоохын тулд холбогдох хуулиудад ч өөрчлөлт оруулах шаардлага тавигдаж буй боловч параламентын олон гишүүд өвчний улсаас хөл хорионд байгаа тул тус хуулиудыг өөрчлөх хэмжээнд ирц бүрдэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

 

Гэвч 4-р сарын 1 нээс 2 ны хугацаанд одоогоор хамгийн их тархаад буй Бавари мужийн Мюнхэн хотод цагдаа нар гадуур зорчиж буй нийт 7000 иргэдэд шалтгалт явуулснаас 263 тохиолдолд зөрчлийн сэдэлтэй хэмээн торгуулт ноогдуулсан байна. Одоо мөрдөгдөж байгаа журмаар зөвхөн онц шаардлагатай үед буюу ажил, хүнс ахуйн барааны дэлгүүр болон эмийн сан явж болох хязгаарлалт тавигдсан байгаа юм.

 

Тус улсад эрүүл мэнд, асрамжийн салбарт ажилладаг эмч, сувилагч, асрагч нарын тоо 125.000 байдгаас Роберт Кох хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хамгийн багадаа 2500 эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нар Короно вирусаар халдварласан нь эмнэлгүүдээс гадна асрамжийн газрууд орж буй тул харьцангүй өндөр гарчээ.

 

Cтатистик мэдээллээр улс даяар 28.000 гаруй амьсгалын аппарат бүхий эрчимт эмчилгээний орны боломжтой бөгөөд үүнээс одоогоор 15.000 нь сул буюу өвчтөн хүлээн авах боломжтой ба тус тоог 40.000 хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Германы эмнэлгүүдийн нийгэмлэгийн дарга Гералд Газз мэдээллээ.

 

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд амны хаалтыг хүн бүр зүүх шаардлагагүй, зөвхөн халдвар авсан хүмүүс л зүүх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг иргэддээ өгч байсан бол байдал өөрчлөгдөж, хүмүүсийг амны хаалтаа зөв зүүж, тайлж чадвал коронавирусын халдвараас сэргийлэхэд тус болно гэж мэдээлж байна.

 

Та бүхэндээ анхаарал сэрэмжтэй байж, шаардлагагүй бол гадуур явахгүй байх, муж улсдаа мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг чанд сахин, гараа сайтар ариутган угааж, гадуур гарахдаа боломжтой бол амны хаалт зүүж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг дахин уриалж байна.