Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Зовох цагт нөхрийн чанар.

Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт Австралиас багтан нисэх иргэд 4-р сарын 30-ны өдөр Сидней болоод Мелбурнээс нисэх Катарын онгоцонд суух байсан ч чадаагүй.

Гадаадын иргэд Германы хилээр нэвтэрч чадахгүй бол Катар эйрс олон улсад хүлээсэн гэрээний дагуу хариуцлага хүлээдэг журамтай гээд монгол иргэдийг авч нисэхээс татгалзсан байна.

Австрали дахь манай ЭСЯ Катар эйрстэй холбогдож, Берлинд суугаа ЭСЯ-аараа дамжуулан Германы хил хамгаалахтай дахин холбогдож, Монголын 34 иргэнийг хилээрээ нэвтрүүлэх болно гэсэн зөвшөөрлийг дахин авч, МИАТ –д хүсэлт гаргаж Франкфуртаас тусгай үүргийн нислэгийн хөөрөх цагийг 2 цагаар хойшлуулжээ. 

 

Мөн Кувейтэд суугаа ЭСЯ-аараа Катар Эйртэй дээд түвшинд яриа хийн өөрсдийн итгэмжлэгдсэн хоёр консулыг онгоцны буудал дээр ажиллуулан Австралиас Монгол буцах иргэд Франкфурт – Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцонд амжин суужээ.

Катар эйр-ийн нислэг эхлэхийн өмнө манай 34- иргэнийг Франкфуртын нисэх буудалд хүлээж авах эсэхт эргэлзсэн Катар эйр “зангаа хувиргаж” тэднийг бүртгэлд хамруулахгүй сандаргасан байна.

Мөн Канадаас, Ирландаас, АНУ-аас, Италиас Франкфурт руу нисэх зорчигчдын ачаа тээшийг МИАТ-тай хийсэн гэрээ байхгүй гэсэн шалтгаанаар Франкфурт руу тээвэрлэхгүй хэмээн бас “чангалаад” авчээ.

Ачаагаа орхиод зөвхөн өөрөө нисэх гэж тэр өндөр үнэтэй тийзүүдийг төлөөгүй баймаар. Тэвдэж сандарсан иргэдийг маань ийн “дарамтлах” гаднийн компаниудын дэргэд манай МИАТ компани харин иргэддээ ээлтэй үйлчилдэг юм байна.

Энэ удаад ч зорчигчдынхоо ачааг Франкфурт руу ирүүлэх, Катар Эйртэй Франкфуртын хил хамгаалах болон бүртгэл үйлчилгээний компаниудтай шуурхай ажиллаж иргэдээ Австралиас Франкфурт хот руу ирүүлэх ажлыг эцэслэн шийдүүлж өгсөн ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ компанийн Берлин хот дахь Төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийлье!

Зовох цагт нөхрийн чанар гэдэг билээ ...сандарч тэвдсэн үед тухайн орны, тухайн компанийн, хувь хүний жинхэнэ чанар илэрдэг болой...

МИАТ компанийн Берлин хот дахь Төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийлье!