Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

ХБНГУ-аас цаг үеийн байдлаар мэдээлэл - 2020 оны 5 дугаар сарын 6 ны өдөр

Хүлээлт өндөртэй өдөр –

Долоон долоо хоног үргэлжилж буй хязгаарлалтаа Герман улс хэрхэн бууруулах бэ?

Өнөөдөр Холбооны Канцлер Меркэлийн засгийн газраас тус улсын муж улсуудын Ерөнхий сайдуудтай хийсэн хуралдаанаар холбогдох яам, тамгын газрууд, эрүүл мэндийн байгууллагууд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ирүүлсэн мэдээлэл, зөвлөмжүүдийг үндэслэн авч хэлэлцэв.

Канцлер Меркэл шийдвэрүүдийг танилцуулсан хэвлэлийн бага хурлаар „Цар тахлын тархалт хангалттай хяналтад орж буйд бид баяртай байна. Энэ бол манай эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын өндөр ачаалал, нөр хөдөлмөр, мөн ард иргэд та бүгдийн маань ухамсартай, хүлээцтэй хандлага, хамтын хичээл зүтгэлийн үр дүн тул чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Ийнхүү Пандемикын эхний үеийг даван тууллаа хэмээн үзэж буй боловч бид пандемик дөнгөж эхэлж байна хэмээн ойлгож, стратеги төлөвлөж байна “ хэмээн онцоллоо.

Тус шийдвэрлэх хурлаар цар тахлын хяналтгүй тархалтаас сэргийлэх хязгаарлалтуудыг 6 дугаар сарын 5 хүртэл үе шаттайгаар бууруулах үргэлжлүүлэх дараах шийдвэрүүд гаргасан бөгөөд харин нэг бүс нутагт долоо хоногийн дотор 100.000 хүнд өвчлөлийн тоо 50 хүнээс давсан тохиолдолд тухайн бүс нутагт хорио цээрийн өндөржүүлсэн дэглэмд шууд буцаж шилжихийг үүрэг болгожээ.

 

Нийтээр чөлөөтэй уулзах, зочлох эрхийг „зөвхөн 2 хүртэл өрх гэр“-ийн хүрээнд зөвшөөрөгдөх, асрамжийн газруудад байгаа хөгшид гэр бүлийн гишүүддээ зочлохыг зөвшөөрөв. Германы Муж улсуудад Короно вирусын тархалт харилцан адилгүй байгааг харгалзан үзэж боловсролын байгууллагууд, цэцэрлэг, үзэсгэлэн худалдаа, гоо сайхны студи, спортын байгууламжууд, спорт заал хэзээ нээж эхлэх товыг шийдвэрлэх эрхийг тухайн муж улсын захиргаа шийдвэрлэнэ.

 

Мөн өнөөдөр холбооны засгийн газрын шийдвэрээр Ресторан үйлчилгээний нэмүү өртгийн татвар 19 хувийг 2020 оны 6 сарын 1 нээс 2021 оны 6 сарын 30 хүртэл 7 хувь болгож бууруулах, Музейн үзвэр үйлчилгээний газруудад эрүүл ахуйн шаардлагыг хангах нэмэлт өөрчлөлтийг хийх засварт 10 сая евроны тусламж үзүүлэх, хүн амын дунд үзүүштэй, шаардлагатай, соёлын өндөр ач холбогдолтой Кино нэвтрүүлгэд 5 сая хүртэл евроны тусгай шагналуудыг олгох багцуудыг батлав.

 

Дэлгүүр, ресторан зоогийн газрууд талбайн хамааралгүй ажиллаж бөгөөд Social Distancing буюу нийгмийн харилцаанд зай барих, амны хаалт маск зүүх шаардлага, ААН-үүд эрүүл ахуйн шаардлага хангах, гар ариутгагч бэлтгэх, үйлчлүүлэгч хоорондын зайг хангалттай байлгах үүрэг хүлээж байна.

 

Герман улс хил залгаа бусад орнуудтай шат дараатай хилээ нээж эхэлсэн ба 48 цагаас дээш гадаадад байсан тохиолдолд 2 долоо хоног гэрийн хорионд байна. Германы ард түмний дунд хамгийн чухал зүйл болох Бундеслигын хөл бөмбөгийн тоглолтуудыг 5 дугаар сарын дундаас үзэгчгүйгээр явуулж болох ажээ.

 

Харин нэг дор олон хүн цуглахгүй байх, томоохон арга хэмжээг 8 сар дуустал хориглох, Гадаад хэргийн яамнаас тогтоосон 6 дугаар сарын 14-н хүртэл аялал жуулчлал хязгаарласан шийдвэр тус тус хэвээр үлдээв.

 

Хязгаарлалтыг бууруулах хамгийн гол үндэслэл „нэг хүний халдвар дамжуулах хүрээ“ /Reproduktionszahl/ өнөөдрийн байдлаар Германд 0,71 хүртэл буурснаар байдлыг цаашид хяналтад байлгаж, болзошгүй эрсдэл тус улсын Эрүүл мэндийн системд хүндрэл үүсэлгүй хэмээн үзжээ.

 

Төрийн өмчит Роберт Кох хүрээлэнгийн тоо баримтаар ХБНГУ-д 2020 оны 5 дугаар сарын 6 ны байдлаар 164.807 халдвар бүртгэгдсэнээс нас баралт 6.996, бүрэн эдгэрсэн 137.400 байгаа бол 100 мянган хүнд ноогдох өвчлөл 198, бусад орнуудтай харьцуулахад эдгэрэлтийн тоо хамгийн өндөр, харин нас баралтын индекс хамгийн бага хэвээр байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари (43.371) болон Умард Райн-Вестфален(33.977), Баден-Вюртемберг(32.576) эзэлж байна.

 

Долоон долоо хоног хязгаарлалтад орж үйл ажиллагаагаа их бага хэмжээгээр зогсоосон ААН-үүд болон дийлэнх иргэдийн дунд өндөр хүлээлт байгааг судалгааны байгууллагууд мэдээлж байсан билээ. Ийнхүү ХБНГУ-ын муж улсуудад үе шаттайгаар, хариуцлагатайгаар хэвийн амьдралд шилжих хязгаарлалтын дээрх захирамжууд энэ оны 6 дугаар сарын 5-н хүртэл үйлчилнэ.

 

Монголчууд Германд мэдээллийн портал